Өсвөр насны хүүтэй хүн, би. Хүү минь надаас фэйсбүүк нээгээд өгөөч гэж байнга гуйдаг. Харин фэйсбүүк хүүхдэд минь муугаар нөлөөлөх вий гэдгээс би айдаг. Учир нь заримдаа “нүүр ном”-доо ороод “цочих” тохиолдол бишгүй гарч байснаас тэр. Хэзээ, яагаад гишүүн болсноо мэдэхгүй олон группэд бүртгэгдсэнээ бид бараг л мэддэггүй. Тийм элдэв группээс сайхан юм ирэх нь ховор. Олон хүний дунд сууж байхдаа фэйсбүүк рүүгээ ороод нүүр хийх газаргүй болсноо би одоо ч санадаг. Нээлээ, хоёр нүцгэн хүний зураг. Тийм зүйл хүүхдэд минь ирэхгүй гэх баталгаа байхгүй.
Саяхан даа, нэгэн сэрэмжлүүлэг цахим ертөнцөөр явж байсныг уншигч та санаж буй биз. Тэнд нэг эмэгтэй охиноо “Охин минь сургуульд орлоо. Том болжээ, миний үр” гэж бичээд охиныхоо дүрэмт хувцсаа өмсөн, цэцэг барьсан зургийг сургуулийнх нь байршилтай хамт фэйсбүүктээ тавьжээ. Гэтэл өдөр нь охиноо авахаар сургууль дээр нь очиход байгаагүй гэнэ. Зургийг нь байршилтай нь тавьснаас болоод охиноо хулгайчид алдсан нь тэр. Ийм хэрэг гадаадын олон оронд гардаг тул манай улсын иргэд сэрэмжтэй байна уу хэмээн сануулсан байсан. Муу ёрлохоо байя. Гэвч энэ фэйсбүүк гэгч бидний үр хүүхдэд ямар нөлөө үзүүлж буйг таахын аргагүй.
Үүнийг хянадаг байгууллага ч манайд алга. Нэгэн танилын маань долдугаар ангийн охин найзуудаараа нийлж “Салтгарууд” гэдэг групп нээжээ. Тэндээ элдэв дэмий зүйл ярьж, ёстой л “салтганацгаадаг” байж. Бас нэг жишээ, энэ бол хувь хүний хийсэн судалгаа юм. 30 гаруй насны нэг эмэгтэй хуурамч хаяг нээжээ. Тэндээ өөрийгөө 18 настай гээд бүртгүүлчихэж. Мэдээж өөр хэн нэгний зургаар нүүр хуудсаа “чимсэн” гэнэ. Тэгээд олон хүн рүү найзын хүсэлт илгээсэн байна.
Ингээд ердөө нэг цагийн дотор 300 орчим эрэгтэй найзтай болжээ. Үүнийхээ дараа “Ёооё бүүр уйдчихлаа” гэж постлов. Гэтэл юу болсон гэж санана. Уулзъя, хамт шоудъя гэх саналд дарагдсан байна. Бүүр булчингаа, машинаа гайхуулсан залуучууд түүн рүү зургаа илгээж эхэлсэн аж. Тэгэхээр фэйсбүүк гэгч ямар “газар” вэ гэдэг нь ойлгомжтой. Фэйсбүүкийг дэлхийн хоёр дахь том зах зээл гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Манай урд хөрш нэгдүгээрт нь орж буй. Гэтэл тэндээс бид ер нь мэдлэг олж авдаг бил үү. Хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл л авдаг шүү дээ.
Улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа фэйсбүүкээр хийгээд эхэлсэн гэх. Насанд хүрсэн хүмүүсийн сонголтод фэйсбүүк нөлөөлж чадаж буй юм чинь өсвөр насны хүүхдийн сэтгэхүйг өөрчлөх нь дамжиггүй. Уг нь “нүүр ном”-ыг 13-аас дээш насны хүүхдүүд ашиглах ёстой аж. Манайд ийм хяналт байна уу. Хамаатны маань зургаан настай хүүхэд над руу найзын хүсэлт илгээж байсныг санах юм. Тэдэнд мэдээж эцэг эх нь л хаяг нээж өгч байгаа.
Манай улсад фэйсбүүкийн хэрэглээ, түүнээс үүдэн гарах эрсдэлд хяналт тавьдаг газар алга. Түүгээр дамжин гэмт хэрэг гарсан тохиолдолд л цагдаагийн байгууллага шалгадаг юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллага ч “Яг энэ чиглэлийн хууль, журам байхгүй тул бид хянах боломжгүй” гэсэн. Тэгэхээр фэйсбүүкээр дамжин хүүхдийг муу зүйлд уруу татах эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай болов уу. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Т.Ариунтуяа “Фэйсбүүк бидний хэрэглээнд нэвтэрснээс хойш гэр бүлд амьд харилцаа үгүй болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Үүнээс болж хүүхдүүд хичээл номдоо анхаарах нь багасаж, цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байна. Өөрөөр хэлбэл, түүнд хүнийг донтуулах чанар байгаад байх шиг. Яахав, мэдээлэл авч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр их мэдээлэл дунд болж бүтэхгүй зүйлс олон бий. Яг одоогийн байдлаар фэйсбүүкээр дамжуулан хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, муу зүйлд уруу татлаа гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна. Гэхдээ тийм явдал огт болоогүй гэж хэлж бас болохгүй. Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргээс болж хүүхэд хохирсон тохиолдол бий.
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Хүүхэд хамгаалал, аюулгүй орчин” гэсэн нэгдсэн арга хэмжээ нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, хохирох зэрэг болзошгүй аюулаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх юм. Мөн интернэтийн зохистой хэрэглээний талаар ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалт явуулахад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар болсон” гэв.
Харилцаа холбооны зохицуулах хороо хүүхдийн интернэтийн зохистой хэрэглээний талаар зөвлөмж хүргэдэг сайт ажиллуулдаг юм байна. Тэнд хүүхдэд зориулсан болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан зөвлөмж байршуулдаг аж. Тэгэхээр эцэг эхчүүд www.cybercafety.mn сайтыг сонирхоод үзчихэд гэмгүй болов уу.
Х.АЗЖАРГАЛ
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
А.Отгонбаяр: Зөвхөн хүүхдэд зориулсан интернэт үйлчилгээ хэрэгтэй
Хүүхдээ цаг үеэс нь хоцроохгүй гээд фэйсбүүк нээгээд өгсөн бол одоо яах ёстой вэ. Энэ талаар программ хангамжийн инженер, “Asterisk technologies” компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаяраас тодрууллаа.
-Манай иргэд өсвөр насны хүүхдэдээ фэйсбүүк хаяг нээж өгдөг болжээ. Энэ нь хүүхдийг муу зүйлд уруу татахгүй гэх баталгаа алга. Тэгэхээр ийм хаяг нээж өгсөн хүмүүс ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Зөвхөн фэйсбүүк гэснээс интернэтийн зохистой хэрэглээний талаар эхлээд ярих хэрэгтэй болов уу. Айл өрхүүд интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компанитай гэрээ байгуулахдаа хяналтын зохицуулалт хийлгэх хэрэгтэй. Жишээлбэл, “Юнивишн” компани айлуудад “Смартбокс” суурилуулдаг. Тэр нь Wifi цацдаг. Түүнийг Content filter буюу агуулгын шүүлтүүрийн, эцэг эхийн хяналтын функцтэй болгох боломжтой.
Тэгэхээр ийм хяналт бүхий үйлчилгээг манай ISP компаниуд айлуудад санал болгодог болох хэрэгтэй. Гэхдээ үүгээр бүрэн хяналт тавих боломжтой гэж ойлгож болохгүй. Учир нь вэб сайтууд руу хандах хандалтын 50 хувийг гар утас болон таблет эзэлж байна. Ийм тохиолдолд өрхийн интернэтээр хянах боломжгүй.
Өөр газар очоод л орчихно шүү дээ. Тэгэхээр үүрэн телефоны операторууд ч мөн дээрхийн адил хяналтын функцтэй болж, зөвхөн хүүхдэд зориулсан интэрнэт үйлчилгээ нэвтрүүлэх хэрэгтэй. Тийм техникийн боломж манайд бий.
Хүүхдээ элдэв буруу мэдээллээс хамгаалахын тулд фэйсбүүк рүү report явуулах хэрэгтэй. Ер нь байнга хяналт тавих нь найдвартай байх даа.
-13-аас доош насны хүүхэд фэйсбүүк хэрэглэх хэрэг байгаа юм болов уу?
-Хэрэггүй гээд шууд хэлчих ч бас хэцүү л дээ. Фэйсбүүк анх гарч ирэхдээ 16-аас дээш насны хүн хэрэглэнэ гэж байсан. Одоо 13 болсон. Цаашдаа насны хязгаар улам багасах хандлагатай байна. Долоон настай хүүхэд “Apple”-ийн аппсторе дээр апликейшн хөгжүүлж байршуулсан.
11 настай хүүхэд нэг компанийн системийн админ хийж байсан тохиолдлыг би санаж байна. Ингээд харахаар огт хэрэггүй гэж хэлж болохгүй нь. Тэгэхээр эцэг эхчүүд л хүүхдээ хянаж, зөв чиглүүлэх хэрэгтэй байх даа. Ядаж л бүтэн овог нэр нь байхгүй, өөрийнхөө нэг ч зургийг хийгээгүй, эсвэл элдэв сурталчилгаа, садар самуун сурталчилсан мэдээлэлтэй хаягуудыг устгаж байх хэрэгтэй.
Х.АЗЖАРГАЛ