
Хотын өнгө үзэмжийг гундааж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлөх болсон дэнж нийслэлд нэг бус бий. Тэдний нэг нь “Далан давхар” буюу “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар. Нийтдээ 137 га талбайг эзлэн орших уг оршуулгын газарт 48 мянга гаруй бурхан болооч нойрсож буй бол 2500 гаруй айл талийгаач нартай газар “булаалдан”, амьдарч байна. Оршуулгын энэ нүсэр газрыг шинэчилж, талийгаачдын шарилыг чандарлан, олон улсын жишигт нийцсэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн 2010 оноос ярьсан. Гэвч хашаа тойруулан барьж, дотор нь цахилгааны дэд станц босгосноос өөр юм хийсэнгүй. Хөл гишгэх зайгүй шахам хөдөөлүүлсэн талийгаачдын хөшөө, өндөр нам, том жижиг, гурвалжин, дөрвөлжин чулуунууд, мал, амьтны ялгадас, хог хаягдал л хөглөрөөстэй. Их нүүдлийн довтолгооноос тусгаарлаж, хэрэм аятай шавар хашаа барьсан нь энд тэндээ цөмөрч, нуржээ. Зарим хэсэгтээ бүр машин багтахаар том зай гарсан харагдана. “Оршуулгын газрын дундуур зам товчлон явж, цаг хэмнэх гэсэн жолооч нарын хийсэн хэрэг” хэмээн ойр хавийнх нь иргэд ярив. Түүнчлэн “Манайхыг таван жилийн өмнө энд нүүж ирэхэд багагүй хөрөнгө зарсан ажил эхэлж байлаа. Орон сууцны хороолол барина гэж хорооны Засаг дарга ярьсан юм даг. Гэтэл одоо болтол нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлгүй л байна. Эндхийн хүмүүс ер нь эхдээ гологдсон хүүхэд шиг л байдаг шүү дээ. Хорооныхон ч тоодоггүй, аргаа бараад, газар олдохгүйдээ л энд буусан. Газрын зөвшөөрөл байхгүй” гэж ярих нэгэнтэй ч таарав.
Түүх сөхөхөд, 2010 онд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор “Самбалхүндэв”-ийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг Орон нутгийн өмчийн концессийн жагсаалтад багтааж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ нийслэлийн төсвөөс хөрөнгийг нь гаргахаар тусгасан байна. Уг төсөл хэрэгжсэн бол төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлал, орчин үеийн архитектур, орон зайг харуулсан дурсгалын цогцолбор, зүүн, баруун хэсэгтээ байнгын үйл ажиллагаа явуулж байх шашны байгууллага бүхий гудамж бий болгож, явган хүний болон авто зам, эко авто зогсоолтой цэцэрлэгт хүрээлэнг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Түүнчлэн газрыг нь нөхөн сэргээж, хөрсийг солин, талийгаачдын шарилыг чандарлаж, суварганд залах байлаа.
Төслийг хэрэгжүүлэхээр 2013 онд олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан талийгаачаа “Далан давхар”-т хөдөөлүүлсэн иргэдээс, чандарлах зөвшөөрөл авахаар болжээ. Уг санал асуулгад 10 мянга гаруй хүн оролцсоны 85 хувь нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байдаг. Ийнхүү “Далан давхар”-ын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олон жил болсон шарилуудыг мэргэжлийн багаар чандарлуулах, суварга босгон чандрыг дотор нь залахаар төлөвлөсөн юм. Бүр холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг ч зохион байгуулсан удаатай. Сүр дуулиантай, эрчимтэй эхэлсэн ажил өнөөдөр яагаад зогсов. Энэ тухай тодруулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэд хэдэн мэргэжилтэнтэй холбогдлоо. Төр, засаг солигдож, албан хаагчдын халаа сэлгээ хийсэн болохоор тоймтой хариу өгөх хүн олдсонгүй. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс төр, хувийн хэвшлийн түншлэл, инновацын хэлтсийн дарга Д.Ганбат “Далан давхар”-ыг дурсгалын цогцолбор болгох гэрээ цуцлагдсан. Концессоор шийдвэрлэх боломжгүй боллоо. Өнөөдөр түүнээс чухал ажил их байна. Яваандаа л дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох байх. Албан ёсоор шарил нүүлгэн шилжүүлээгүй. Иргэд өөрсдийн хүсэлтээр талийгаачийнхаа шарилыг хотоос гаргасан тохиолдол бий. Талийгаачдын ар гэрийнхнээс санал асуулга авсан нь төслийн нэг хэсэг байсан” гэв.
Тэртээ 1950 оноос хүмүүс “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт бурхан болоочдоо хөдөөлүүлж эхэлсэн ч 1987 онд Ардын их хурлын депутатутын шийдвэрээр албан ёсоор хаажээ. Гэтэл 2000 он хүртэл иргэд сул талбай олж, талийгаачаа оршуулсаар байсан гэнэ. Улаанбаатар хотын төвөөс нэг их холгүй зайд 137 га талбайг эзлэн, гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотод өдгөө 48 мянга гаруй шарил байдаг ч 15 мянга орчим нь эвдэрч, тоногдсон, хөшөө чулуу нь нэр, хаяггүй болж, ар гэрийнхэн нь ч тэнгэрт халигчдаа эргэж тойрохоо больжээ.
Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд нийслэлийн ойролцоох оршуулгын газрууд эмх замбараагүй тэлсээр өнөөдөр 17 байршилд 700 гаруй га газрыг эзлээд байгаа юм. Энэ нь Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 0.8 орчим хувьтай тэнцэх бөгөөд гурван жилийн дараа 1000 орчим га-г зөвхөн оршуулгын газар эзэгнэх нь. Оршуулгын газар дахь шарил задрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон. ШУТИС-ийн эрдэмтэд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усыг шинжлэхэд, Нарангийн энгэр, “Далан давхар”-тай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айл орчмын ундны уснаас нитрит хэмээх химийн хортой бодис илэрчээ.
Одоогоос таван жилийн өмнө Берлин хотоор аялж билээ. Ногоон модоор хүрээлэгдсэн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд нь очиж үзэхэд, олны хөл тасардаггүй газар байв. Тус хүрээлэнд “хүн тавьдаг” байсныг эмх цэгцтэй гэгч нь байрлуулсан хөшөөнүүдийг хараад ойлгосон юм. Олон улсад бурхан болоочдоо оршуулчихаад тухайн газарт нь мод тарьж, тохижуулдаг уламжлал хэдийнэ тогтсон. Тиймээс хотын төвд оршуулгын газар байна хэмээн цээрлэх хүн ер таараагүй. Бүр хүүхдүүдээ, салхилуулж, өөрсдөө нарлан суух орчин болгосон байв. Ийм болгож чаддаггүй юм аа гэхэд “Далан давхар”-т дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг эхлүүлсэн шигээ дуусгах хэрэгтэй байна. Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрчихээд байхад юу ч болоогүй юм шиг хойшлуулсаар байх уу. Утаа, хөрсний бохирдолтой адилхан авч үзэх тулгамдсан энэ асуудлыг цэгцлэх цаг болжээ.