Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Монголын хамгийн том задгай талбайн фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ

“Ulaanbaatar urban festival-2024”-ийн нээлт өчигдөр боллоо. Уг фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ. Эдгээр өдөр өглөөнөөс орой болтол спортын олон төрлийн нөхөрсөг тэмцээнийг нийслэлийн төв талбайд зохион байгуулах аж. Тус фестиваль нь Монголд анх удаа болж буй, задгай талбайн хамгийн том арга хэмжээ юм. “Ulaanbaatar urban festi¬val-2024”-ийг 3х3 сагсан бөмбөг, скэйтбоард, роллер скэйт, унадаг дугуй, крикет, модон барилдаан, кронхол, лазер гүйлт, фанкшел фитнес, фризби, пикл болл зэрэг спортын 11 төрлөөр зохион байгуулж буй. Эдгээр нь хотын спорт гэдгээрээ онцлогтой. Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна хүүхэд, залуучуудад спортоор хичээллэхийг уриалах юм. 
2024-06-07

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв

Жендерийн үндэсний хорооныхон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2024-2027”-г гаргаж, өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-нд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд эрэгтэйчүүдийг бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, тусгайлсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн. Үүний дагуу Жендерийн үндэсний хорооноос дээрх төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.
2024-06-07

ШУА-ийн их сургуульд магистр, докторын түвшнийхнийг элсүүлэхээр болжээ

Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн их сургуулийг өчигдөр нээлээ. Тус сургуульд палеонтологи, археологи зэрэг тэргүүлэх 5-6 чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь. Ингэхдээ магистр, докторын түвшний суралцагчдыг эгнээндээ нэгтгэх бөгөөд судалгаанд суурилсан хичээлийн төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, суралцагчид ШУА-ийн нарийн мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, мэдлэг хуримтлуулна. Ингэснээр суралцагчид судалгаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, бодлого боловсруулах түвшинд ч ашиглах боломж бүрдэх нь. 
2024-06-07

Дорнод аймагт 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орууллаа

Дорнод аймгийн төв Чойбалсанд улсын хэмжээнд гуравдугаарт орох буюу 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн станц ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний дутагдлаа Сүхбаатар аймгийн станцаас нөхөж байжээ. Улмаар Монгол Улсын болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон аж. Уг төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын ТВЕА компани ажилласан юм байна. 
2024-06-07

Үндэсний бахархалт мазаалай баавгайн тухай баримтат киног “Apple TV” хийх нь

Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг дэлхий нийтэд таниулах баримтат киног “Apple TV”-гээс хийхээр болжээ. “Дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн “Apple TV”-гийн хамт олон Монголын мазаалай баавгайн талаар баримтат кино хийж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын бахархалт амьтныг сурталчлахад маш үнэтэй хувь нэмэр болно. Манай сан 2017 онд ХБНГУ-ын “Lookfilm” компанитай хамтарч “Мазаалай” хэмээх баримтат кино хийж байсан. Энэ нь Европын Холбооны улсуудад мазаалайг суртачлан таниулсан сайн жишээ болж байлаа” хэмээн Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээлэв. 
2024-06-07

Завьт эргүүлүүд ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/656 тоот захирамжийн дагуу Онцгой байдлын, нийслэлийн Цагдаагийн удирдах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх юм байна. Завьт эргүүлүүд Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж хүртэл, Баянзүрхийн Хар усан тохойгоос Хан-Уулын Хадан хясаа хүртэлх хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь. 
2024-06-07

 Автобусны зорчигчдыг бүртгэх төхөөрөмжийг ажиллуулж эхэлжээ

Зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгдөг байдлыг зогсоох нь уг төхөөрөмжийг ашиглах болсон үндсэн зорилго. Гэхдээ энэхүү төхөөрөмжийг одоогоор судалгааны зориулалтаар ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээс төсөвт хэдэн төгрөг орж ирж байна гэх зэргээр төлбөрийн мэдээллийг нарийвчлан судлах гэнэ. Судалгааны үе шатанд яваа тул төлбөрийн мэдээлэл зорчигчдын тооноос зөрсөн тохиолдолд буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг одоохондоо шийдээгүй юм байна. Энэхүү төхөөрөмж нь хүнийг таних программ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас хэллээ. 
2024-06-07

Х.Тэргэл дэлхийн шилдэг 32 тамирчнаас X байрт жагслаа

Монголын дартсын өсвөр үеийн шигшээ баг, “Уужим од” ХХК, “Mgl darts” клубийн тамирчин Х.Тэргэл Англи улсад зохион байгуулсан “JDC аdvanced tour-2024” тэмцээнд улсаа төдийгүй Ази тивийг төлөөлж анх удаа оролцсон. Тэрбээр 16 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн шилдэг 32 тамирчнаас X байрт жагслаа. Дээрх тэмцээнд эхний 20 байрт шалгарсан тамирчин “JDC advanced tour-2025”-д шууд оролцох эрхтэй. Чансааг тэргүүлсэн тоглогч “PDC world youth championship-2024”, эхний гуравт эрэмбэлэгдсэн нь “Winmau development tour-2025”-д өрсөлдөнө.
2024-06-06

Манайхан ДАШТ-д салхи хагалж, Хорватын багтай өрсөлдөх нь

Өмнөд хөршийн Шанхай хотод энэ сарын 10-16-нд футзалын оюутны ДАШТ-тэй. Тус тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг бүрэлдэхүүнийг зарлав. Манайхан С хэсэгт Украин, Шинэ Зеланд, Хорват улсын багтай багтсан. Тэмцээний эхний өдөр манай тамирчид салхи хагалж, Хорват багтай өрсөлдөх нь. Тэгвэл энэ сарын 11-нд Шинэ Зеланд, 12-нд Украины тоглогчидтой өрсөлдөх тов гараад байна. 
2024-06-06

Н.Баярдорж зуны АШТ-д түрүүлжээ

ХБНГУ-ын Мюнхен хотод болж буй буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан онч сорьж буй. Манай улсаас дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад урт бууны төрөлд ОУХМ Н.Баяраа, Б.Эрхэмбаяр, О.Есүгэн, Г.Нандинзаяа, гарбууныхад Э.Даваахүү, Э.Бадамгарав нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдээс Б.Эрхэмбаяр 28, Н.Баяраа 37 дугаар байр эзэлж, эмэгтэйчүүдээс хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн 24, Г.Нандинзаяа 71 дүгээр байрт орсон байна. Хийн гар бууны 10 метрийн шигшээ тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эл тэмцээнд дэлхийн шилдгүүд цугларан, дээд амжилт эвддэгээрээ тус хотын тийр алдартай. 
2024-06-06

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг цөөлнө

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж буй гэнэ. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байгаа аж. Тухайн хэсэгдэх авто угаалгын газар болон бетонон хашааг Монголын хөлбөмбөгийн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр буулгажээ. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын болон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ. Хүрээлэнгийн гадна талбайд ахь, зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, шинэчилж буй гэнэ. 
2024-06-06

Хамтарсан бэлтгэл хийхээр хойд хөршийг зорив

ОХУ-ын Сахагийн Якут хотод “Азийн хүүхдүүд’’ олон улсын VIII их наадам энэ сарын 25-нд эхэлнэ. Долоодугаар сарын 7-нд өндөрлөх тус наадмын модон барилдааны төрөлд манайхаас таван тамирчин улсаа төлөөлж оролцох юм. Өсвөр үеийн тамирчдын модон барилдааны тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.Тэлмэн томилогджээ. Тэгвэл олон улсын шүүгч Б.Даариймаа, улсын шүүгчТ.Галцэцэг нар талбайн шүүгчээр ажиллахаар уригдаж, “Азийн хүүхдүүд” олон улсын их наадмын тэмцээнийг анх удаа дэнсэлнэ. Энэ удаагийн наадамд оролцох модон барилдааны тамирчид 14 хоног хамтарсан бэлтгэл хийхээр хойд хөршийг зорив.
2024-06-06

Г.АНХБОЛД: Хүүхдийг байгалиас хол хөндий өсгөх нь харшилд өртөмтгий болгодог

Жил бүрийн хавар, зуны улиралд харшлын өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалж иргэд дур мэдэн эм, бэлдмэл хэрэглэх, дааврын тариа хийлгэх нь элбэг. Иргэд харшилтай болоход нөлөөлж буй гол хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболдтой ярилцлаа.
2024-06-06

Соёлын өвийг таниулах өдөрлөг зохион байгуулав

“Тэгш хүртээмжтэй музей, хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг Чойжин ламын сүм музейд өчигдөр боллоо. Уг арга хэмжээг Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан юм. Дөрөв дэх жилдээ болсон уг өдөрлөг нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой.
2024-06-06

“Гэртээ эрт харья” аяныг аравдугаар сар хүртэл үргэлжлүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Гэртээ эрт харья” аян өрнүүлж байна. Аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэх аж. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн газар, хэлтэс нэгдэж, цахим орчинд уриалга өрнүүлж буй. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ түлэгдэж, гэмтэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд аль болох гэртээ эрт харьж, хүүхдүүддээ цаг гарган, хамтдаа тоглож, анхаарал, халамжаа сайжруулаасай гэсэн үүднээс уг аяныг өрнүүлсэн гэнэ
2024-06-06

Хандив өгөх хүмүүс иргэний бүртгэлийн дугаараа бичнэ

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн хүмүүс зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлж, түрүүчээсээ олон нийтэд зарлаад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчид мөнгөн, мөнгөн бус хандив өгөх боломжтой юм. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй. Хандив өгөхдөө иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэр, овог, нэрээ тодорхой бичиж байж хүчинтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдээлэл дутуу бол таны хандивыг хэрэглэх, хүлээн авах боломжгүй болох юм билээ. 
2024-06-06

Сайн дурынхан бол үнэгүй ажиллах хүч биш

“Сайн дурын ажил гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа, ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа” хэмээн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт залуучууд өөрсдөө санаачилсан байх, хоёрдугаарт ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа гэж тодорхойлсон гэсэн үг. Энэ нь манай улсад сайн дурын ажлыг анх удаа хуульдаа тусгасан тохиолдол юм. Харин бусад хуульд сайн дурын ажилтай холбоотой зохицуулалт алга. 
2024-06-06

Нам, эвслүүд 30 хувийн квотыг хангасан, эсэхийг нягтлах нь

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өнөөдөр “Эмэгтэйчүүд ба сонгууль-2024” хэлэлцүүлэг зохион байгуулах аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөжбуй эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын сэдэв, мөн өрсөлдөх явцад тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар уг хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байна. Мөн холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн 48 хүртэлх хүн эрэмбэлжбуй. Нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэгвэл хуулийн энэ заалтыг нам, эвслүүд бүрэн хэрэгжүүлсэн, эсэхэд хэлэлцүүлэгт оролцогчид дүн шинжилгээ хийх гэнэ. 
2024-06-06

Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтчийн үйлчилгээ нэвтрүүллээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтөчтэй болжээ. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээ, мэдээллийг гар утаснаасаа цаг алдалгүй авах боломжтой болж буй аж. Гар утас байхад л богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, цаг хугацаагаа хэмнэх боломжийг уг шийдлээр бүрдүүлж байгаа гэнэ. Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллагын аль нэг салбарт дугаарлаж цаг алдах шаардлагагүй. Хаанаас ч хандах боломжтой, хамгийн хүртээмжтэй хэлбэр юм байна. Мөн үүнийг ашигласнаар цаасан хэвлэлийн зардал хэмнэх боломжтойг дээрх байгууллагынхан онцлов. 
2024-06-06

Хахууль өгөхийг шаардсан багшид торгох ял шийтгэжээ

Нийслэлийн нийтийн тээврийн хамгийн том аж ахуйн нэгж болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын албаны онолын багш Я.Энхбаатар холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор нь хянаад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр шийдвэрлүүллээ. Тэрбээр автобусны жолоочийн сургалтад сууж ажилд орохоор бүртгүүлсэн нэгэн иргэнээс жолоодлогын дүрмийн шалгалт авах үедээ хахууль нэхсэн хэрэгт холбогдсон юм. 
2024-06-06