Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа. Үүнд Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын, Нэмэгдсэн өртгийн болон Онцгой албан татварын тухай зэрэг хууль багтсан юм. Эдгээр хуулийг 2027, 2028 оноос хэрэгжүүлснээр эдийн засаг 0.7 хувиар өсөх тооцоолол гаргажээ. Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн үр дүнд гэхэд жил бүр 1.9 их наяд, аж ахуйн нэгжийн орлогынхоос 242, НӨАТ-аас 181 тэрбум гэхчлэн нийт 2.5 их наяд орчим төгрөгийн татварын ачааллыг хөнгөлж, чөлөөлөх боломж бүрдсэн гэнэ.
Хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан өөрчлөлтөөр манай улсын иргэд 2028 оноос эхлээд 792 мянга хүртэлх цалингийн орлогод 0, 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлхэд нэг хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн аж ахуйн нэгжийн данснаас өр суутгахдаа суурь үлдэгдлийг 30 хувиар тооцож үлдээх, импортын барааны татвар төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулах, татварын тайлангийн алдаа залруулах хугацааг сунгаж, алдангийн дээд хэмжээг Иргэний хуульд заасан хэмжээтэй уялдуулан 50 хувиар тооцох зэрэг өөрчлөлтүүдийг дээрх хуулиудад тусгажээ.
Н.Мишээл