Венесуэл улсын нийслэл Каракас хотын орчимд энэ сарын 24-нд газар 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр удаа хөдөлсний улмаас 1430 хүн амиа алдаж, 3200 гаруй иргэн гэмтэж бэртээд байна. Энэхүү гамшигт тус улсын Ла Гуайра хот болон Яракуй муж хамгийн их хохирол амссан бөгөөд нийслэл орчимд чичирхийлэл маш хүчтэй мэдрэгдсэн гэнэ. Тус улсын түүхэнд сүүлийн 125 жилд тохиолдоогүй эл гамшгийн улмаас одоогоор 68 900 орчим хүн сураггүй алга болоод буй бөгөөд нурангийг цэвэрлэх тусам хохирлын хэмжээ нэмэгдсээр буй.
АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомтод барилга, байгууламж олноор нурж, дэд бүтэц сүйрсний улмаас үүрэн холбооны станцууд болон цахилгаан дамжуулах шугамууд бүрэн тасарчээ. Улмаар Каракас хотын метро, галт тэрэг болон байгалийн хийн шугамуудыг аюулгүй байдлын үүднээс зогсоосон байна. Мөн тус улсыг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц агаарын хаалга болох “Симон Боливар” олон улсын нисэх онгоцны буудал нурангид өртсөн тул тодорхойгүй хугацаанд хаасан аж. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан урьдчилсан дүгнэлтээр эл гамшгийн шууд хохирол 6.7 тэрбум ам.долларт хүрсэн тул Венесуэлийн Засгийн газар олон улсаас тусламж хүсжээ.
Венесуэлд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрлээд байсан бөгөөд байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах, эрэн хайх ажиллагаа явуулах техник хангамж, нөөц боломж хомс гэнэ. Одоогоор АНУ, Бразил, Франц тэргүүтэй 17 орны аврах тусгай баг болон хөдөлгөөнт хээрийн эмнэлгүүд гамшгийн бүсэд очиж, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж буй юм. Тухайлбал, Колумбийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улсын “USAR COL-1” эрэн хайх, аврах багийнхан нурангин доор 70 цаг болсон 11 настай хүүг эсэн мэнд гаргажээ.
Э.Сүйлэн