Гавьяаныхаа амралтад гарсан ч залуу насны мөрөөдлөө орхилгүй гүйлтийн спортоор тууштай хичээллэж, үеийнхэндээ үлгэрлэж яваа нэгэн бол марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, Соёлын тэргүүний ажилтан Чулууны Цогоо. Тэрбээр тамирчин төдийгүй шаггүй хөгжимчин, яруу найрагч, бэлтгэл офицер хүн юм.
-Ярилцах урилгыг минь хүлээж авсан танд баярлалаа.
-Урьсанд баярлалаа. Би Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумын уугуул. Хорь гаруй жил барилгын цэрэгт алба хаахдаа ерөнхий цэрэг, улс төр судлаач, барилгын техникч мэргэжлээр суралцсан. Одоо Улаанбаатар хотод гэр бүлийн хамт амьдардаг.
-Хүний бага нас гэдэг юутай ч зүйрлэшгүй нандин. Таны бага насны түүхээр ярилцлагаа эхлүүлье.
-Ээж, аав, эмээгийнхээ хайр ивээлд өсөж торнисон. Олон дүү нараа өсгөж, хүмүүжүүлэх үүргийг алдхан биендээ үүрч, алтан нарны гэрэл, алиман сарны туяа шиг цахилж явсан сайхан үе байж. Арван жилдээ гүйдэг, хөгжим тоглодог хүүхэд байлаа.
-Таны амьдрал марафон гүйлттэй салшгүй холбоотой юм байна. Хаана, ямар тэмцээнүүдэд оролцож байв?
-Ихэвчлэн 21, 42, 50, 75, 100, 225 километрийн зайд гүйдэг. Энэ марафонд өөрийгөө зориуллаа. Хэт холын зайн гүйлт хүнийг хэн бэ гэдгийг нь сорьдог юм. Гараанаас гарсан л бол барианд орж ирэх ёстой гэсэн хатуу дүрэмтэй. Тэсвэр хатуужил, сахилга бат, дэг журам, эрч хүч, ёс зүйтэй байдлыг хүнд суулгадаг. Олон улсын хэмжээний мастер цолыг 24 цагийн гүйлтээр авч байлаа. Би өдий хүртэлх хугацаанд олон тэмцээн, уралдаанд оролцсон. Одон медаль ч их бий. Хүүхдүүд хөгширчхөөд гүйж харайгаад дэмий л гэдэг юм. Гэхдээ надад гүйе гэсэн чин хүсэл, зүрх сэтгэл байна.
55-аас дээш насныхныг марафонд насны зааггүй, нэг ангилалд гүйлгэдэг онцлогтой. Үүнийг зааглах хэрэгтэй юм шиг санагддаг. 70 настай хүн 55- тай хүнтэй нэг ангилалд гүйнэ гэдэг бэрх шүү дээ. Мөн марафончдыг дэмжиж, урамшуулах тал дээр анхаараасай гэж хүсдэг. Цагаа, нүдээ олсон эдийн, сэтгэлийн шагнал аль аль нь хүнийг урамшуулж, өдөөдөг зүйл шүү дээ. Марафонд оролцогчдыг тэр бүр урамшуулдаггүй. Энэ ташрамд, урлаг, спортын үйл хэргийг минь дэмжиж байдаг ИНЕГ-ын харьяа Ахмадын хороо, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооныхондоо талархаж явдгаа илэрхийлье.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим, наснаасаа залуу, хөнгөн шингэн харагддагийн нууц юу вэ?
-Зөв сэргэлт, зөв сунгалт, зөв зам, зөв алхалт, шогшилт, гүйлт бол миний амьдралдаа баримталдаг гол
зарчим. Монголчууд хөдөлгөөний хомсдолд их орж байна. Энэ нь дан ганц тамирчин хүний бус, бүх нийтийн асуудал болчихлоо.
-Хөгжим бол хүний сэтгэлийн дуу хоолой гэдэг. Та яагаад хөгжимд дурлах болсон юм бэ?
-Ижий минь шанз, ах аман хуур их сайхан тоглодог, аав минь дуулдаг хүн байсан. Тэр нь нөлөөлсөн юм болов уу. Анх ээжийнхээ шанзыг тоглож сурчхаад, түүндээ урамшиж, өөрийгөө хөгжүүлсээр өөр хэд хэдэн хөгжим тоглож сурч байлаа.
-Таныг шүлэг зохиодог гэж сонссон. Цээжинд байгаа дөрвөн мөртөөсөө хэлж болох уу?
-Надтай цуг явсан сайхан нөхөд
Намрын шаргал тариа шиг
харуулдана
Насан өндөр болох тусмаа
Наддаа тэр минь үгүйлэгдэх юм
Хамтдаа бид
дэлхийд дуулж байна
Харин чи бидэн хоцрохгүйгээр
урагшилж явна...
Нэг их сүрхий бичээд байдаггүй ч тархинд ороод л ирдэг юм.
-...Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь.. гээд Р.Чойном гуай шүлэглэсэн байдаг. Залуу насныхаа хамгийн сайхан дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?
-Хүний амьдралд эхээс төрсөн түүхэн дурсамж, ээж, аавыгаа санаж суусан гунигт дурсамж, нэр хүндийг нь өргөж явсан сайхан дурсамж олон. Үүний дундаас хамгийн сайхан дурсамжийг марафон гүйлтийн спорт надад өгсөн. Баянбүрд орчимд эвдэрсэн машиныг нь засахад тусалж, анх спортын мастер Өнөрөө багштайгаа танилцаж байлаа. Тэгээд л энэ спорттой амьдралаа холбосон доо. Хүн хорвоогийн жамаар хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед үлдэх зүйл нь үнэтэй машин, эдэлж барахгүй хөрөнгө бус, хүний халуун сэтгэл юм. Их хөрөнгө, эрх мэдэлтэй байлаа гээд тэрийгээ үүрч явахгүй, тэвэрч унтахгүй шүү дээ. Харин сэтгэлийн амар амгаланг эдлээд хэн нэгэнд харуусал төрүүлэхгүйгээр үхэх нь миний баяр баясгалан болох байх гэж боддог.
-Хүний сэтгэл зүрхний утсыг хөглөж явдаг зүйлс гэж байдаг. Тэр зүйлээрээ дүүрэн явна гэдэг сайхан. Танд тийм зүйл бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл зүрхийг минь хөглөдөг зүйл бол миний хүсэл зорилго юм. Цэргийн албанд байхдаа ажиллаад урлаг, спортод төдийлөн цаг гаргадаггүй байсан. Харин тэтгэвэртээ гараад хөнгөн атлетик, тэр дундаа хэт холын зайн гүйлтээр тууштай хичээллэсэн. Спортоор хичээллээд 30, урлагт дурлаад 40 гаруй жил болж байна.
-Цэргийн албанд мордсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ. Таны үед гурван жилээр алба хаадаг байсан шүү дээ.
-Арван жилийн сургуулиа дүүргэчхээд геологийн ангийн хуваарь авсан юм. “Их сургуульд орчихлоо” гээд очиход ээж минь хоёр хуушуур авч өгч байсан. Жигтэйхэн их баярласан. Гэтэл ангийн багш миний хуваарийг өөр хүнд өгчихсөн байж билээ. Тэгээд л аавынхаа хэлснээр цэрэгт явах болж, эмээгийнхээ шуудайнд хийсэн жаахан самрыг аваад гэрээсээ гарсан даа.
-Цэрэгт явахад аав тань нөлөөлжээ дээ?
-Аав нар олон янз байдаг. Миний аав бол Номхон далайн мандал шиг хүн. Намын үүрийн дарга, үйлдвэрчний хорооны дарга гээд хариуцлагатай олон алба хашиж явсан. Их энгийн даруу, аядуу зөөлөн, хүний хайлан нэгэн байсан. Юмны учрыг олж, хужрыг нь тунгаалгүй явсаар аавынхаа ачийг хариулж чадсангүй дээ гэж өөд болоход нь их харамссан. Аавын ухаан гэдэг бол гайхалтай зүйл. Тийм болохоор аав, ээжийнхээ хайрласан хувь заяаг сэвтээхгүй гэж зүтгэж л явна.
-Хаана цэргийн алба хаасан бэ?
-Ардын армийн 119 дүгээр ангид алба хаасан. Зодож, нүдэлцэж явсангүй. Дарга нарынхаа өгсөн үүргийг биелүүлж, суртал нэвтрүүлэгч, ахлах байлдагч, тусгай салааны жагсаалын дарга, Батлан хамгаалах яамны Барилгын цэргийн ангийн салаан дарга, салбарын захирагч, тусгай салбарын захирагчаар ажиллаж явлаа.
-Цэргийн хүнийг их хатуу чангаар төсөөлдөг шүү дээ. Та өөрийгөө хэрхэнтодорхойлох бол?
-Зөөлөн, уяхан хүн. Мэдээж амьдралд уурлаж, бухимдах үе гарна шүү дээ. Аль болох тайван байхыг хичээдэг.
-Цэргийн алба хүнээс асар их тэсвэр хатуужил шаарддаг. Цэргийн хүний арыг дааж явна гэдэг их хувь заяа. Амьдралын хань, гэргийнхээ тухай ярьж өгч болох уу?
-Хүний биеийн гол тулгуур нь хөл, гар. Харин амьдралын тулгуур нь хань ижил, үр хүүхэд юм. Миний гэргийг Уртнасан гэдэг. Насаараа гадаад хэлний багшаар ажилласан. Ухаалаг, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй эмэгтэй бий. Бид гурван сайхан хүүхдийн аав, ээж болцгоосон. “Хөлгүй их амьдралын түмэн нугачаанд бүдэрвэл, хөөрхий миний амраг түшээд авах юм чинь” гэдэг дууны үг шиг ханийнхаа хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-Монголчууд тэтгэвэртээ гарсан л бол гэртээ суугаад хорвоогийн жамыг хүлээх ёстой юм шиг хандлагатай байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
- Хүн ерөөсөө өөрийгөө таньдаггүй юм билээ. Дэлхийд судлаагүй зүйл олон бий. Миний бодлоор хүн ч бүрэн гүйцэд судлагдаагүй. Мөн чанараараа танигдах төдий байдаг. Тийм болохоор өөрийгөө таних хэрэгтэй. Танихын төлөө хичээх хэрэгтэй. А.М.Горькийн хэлснээр амьдралын их сургуульд одоо ч суралцаж явна даа.
-Таны амьдралын хамгийн том сургамж юу вэ?
-Хүн ер нь үхэлд бэлдэх хэрэгтэй юм билээ. Монголчууд үхэл ярихаар муу ёр гэж хүлээж авдаг. Эцэг, эхийгээ амьдад гарыг нь атгаж, хөлийг нь хучиж, эргэж тойрч байх ёстой. Баяр наадам болохоор л эргэдэг бус, цаг завтай үедээ аяга сүү бариад очдог байх хэрэгтэй. Үүн шиг жаргал хаана ч байхгүй. Хүн мөнгө, хувцас хунараар дутахгүй, сэтгэлийн амар амгалангаар л үргэлж дутаж явдаг. Шүүдрийн ус цуглуулж, цай чанаад ч ачийг нь бүрэн хариулж чадахгүй чгэлээ сэтгэлийг нь тайван байлгах нь аав, ээждээ барьж буй хамгийн том өглөг юм.
-Амьдралыг харах хүн хүний өнцөг өөр. Та 70 насны өндөрлөгөөс амьдралын утга учрыг хэрхэн харж байгаа бол?
-Зөв сайхан амьдарч, “Ийм хүн байсан шүү” гэж сайнаар дурсагдах мөр үлдээх нь амьдралын утга учир юм болов уу даа.
-Хүсэл мөрөөдөл дууссан газарт хүн өөрөө дуусдаг гэдэг. Таны зорилго, мөрөөдөл юу вэ?
-Насныхаа эцэс хүртлээ зөв явах нь миний зорилго. Айхавтар 15, 16 давхар байшин барья гэж мөрөөддөггүй. Харин бүхий л амьдралаа зориулсан биеийн тамир, спортоо хөгжүүлж, хүмүүст эергээр нөлөөлж, улс орондоо ихийг хийж бүтээх юм сан гэж боддог. Багадаа удирдаач болно гэж мөрөөддөг байлаа. Хөгширлөө гээд мөрөөдлөө орхиж болохгүй. Одоо бодох нь ээ, цэргийн хүн болсон нь их оножээ. Бэрхшээлтэй зүйл их бий. Гэхдээ аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж, хүмүүжлийн эрдмийг олж, хүн шиг хүн болсон нь миний хамгийн том бахархал.
Э.ЖАВЗАНДУЛАМ