МУИС, АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл эхэллээ
Их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх бүртгэлээ эхлүүллээ. Одоогоор МУИС, АШУҮИС, СУИС-иас элсэлтийн бүртгэлээ эхлүүлээд буй юм. МУБИС-ийн элсэлтийн бүртгэл үргэлжилж буй. Харин бусад сургуулийн хувьд тов нь хараахан гараагүй байна. МУИС-ийн бүртгэл ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ. Тус сургуулийн burtgel.num.edu.mn сайтаар бүртгүүлэх боломжтой. АШУҮИС-ийнх ирэх сарын 9 хүртэл үргэлжилнэ. МУБИС ирэх сарын 1 хүртэл элсэгчдээ бүртгэх нь. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэх бөгөөд ЭЕШ-д 35 939 шалгуулагч оролцох аж. Их, дээд сургуульд элсүүлэх босго оноо 400-480 байна.
2024-06-06
Хамарын хийд хүрэх зам эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрлээ
Урин дулаан цагт жуулчдын төдийгүй дотоодын иргэд олноор зорин очдог газруудын нэг нь Дорноговь аймгийн Сайншандад орших Хамарын хийд. Тус аймагт уржигдар 18.50-19.30 цагийн хооронд их хэмжээний бороо орж, үер буусны улмаас дээрх хийд рүү явах зам усанд автан эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрснийг “Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас өчигдөр анхаарууллаа. Мөн замын хөдөлгөөнийг хэвийн болгохын тулд шинээр далан барихаар холбогдох байгууллагынхан нь ажиллаж байгааг мэдээлсэн. Иймд ойрын хугацаанд Хамарын хийдийг зорих гэж буй аялагч, зорчигчид анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Тус хийд нь аймгийн төвөөс 40 гаруй км-ийн зайтай.
2024-06-06
К.Макдэвид финалд Анх удаа шалгарлаа
Канадын багууд сүүлийн жилүүдэд Стэнлийн цомын аварга болж чадаагүй. Харин энэ удаад “Эдмонтон ойлерс” баг аваргын төлөө тоглохоор шалгараад байна. Үүнтэй холбоотойгоор Канадын агуу хоккейчин У.Гретцки тус багийн лидер, NHL-ийн супер од К.Макдэвидэд баяр хүргэсэн байна. “Чамайг ямар хэцүү даваа, саадыг туулж өдий зэрэгт хүрснийг би мэднэ. Стэнлийн цомын финалд нь амжилт хүсье” хэмээн агуу тоглогч өгүүлжээ. К.Макдэвид 2015 оноос хойш “Эдмонтон”-д тоглож байгаа бөгөөд карьертаа анх удаа финалд шалгарсан нь энэ юм.
2024-06-05
НЕЙМАР: “Алтан бөмбөг”-ийг Винисиус хүртэнэ
Энэ жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Бразилын шигшээ болон “Реал” багийн тоглогч Винисиус шалгарах боломжтой, эсэхийг сэтгүүлч “Аль-Хилаль” багийн довтлогч Неймараас лавлажээ.
“Мэдээж, “Алтан бөмбөг” аль хэдийн түүнийх болсон. Би түүнийг дэмжиж байгаа. “Аваргуудын лиг”-ийн финалын өмнө бас дараа нь ч би түүн рүү мессеж бичсэн. Тэр энэ жил үнэхээр азтай, одтой байгаа. Тиймээс шилдгээр шалгарах нь гарцаагүй” хэмээн Неймар ярьжээ.
Винисиус энэ улиралд 39 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгснөөс гадна Испанийн Ла лиг болон “Аваргуудын лиг”-ийн аваргаар шалгарсан юм.
2024-06-05
Дуулиант солилцоо биеллээ олов
К.Мбаппег Мадридын нисэх буудал дээр З.Зидан өөрөө тосож, хүндлэл үзүүлэв. “Зидан бид нарыг зогсоол дээр машин дотроо хүлээж байсан. Үнэхээр гоё машин байсныг нь сайн санаж байна. Мэндэлсний дараа тэр намайг багийн бэлтгэл рүү хүргэжөгье гэсэн. Тэр урд суудлаа заагаад “Алив суучих” гэсэн юм. Тэр үед миний хамаг бие хөшөөд “Гутлаа тайлах уу?” гэж асуусан юм даг. Инээдтэй юм, яагаад тэгж асууснаа одоо ч мэддэггүй. Зизугийн машин болохоор л тэр болов уу. Намайг их инээдтэй юм асуусныг тэр мэдэж байсан ч даруухнаар “Мэдээж хэрэггүй, шууд суу” гэж хэлээд намайг бэлтгэлийн талбай руу аваачсан. Бондигоос ирсэн би Зизугийн машинд сууж байна гэсэн бодол тэр үед надаас салаагүй. Үнэхээр итгэмээргүй. Яг л зүүдэлж байгаа мэт санагдаж байлаа” хэмээн К.Мбаппе дурсжээ.
2024-06-05
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” болох нь
Манай улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа, хэлэлцээрийн механизм бий болгохыг зорьж иржээ. Улмаар 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга дэвшүүлж, 2014 оноос эхлэн олон улсын бага хурлыг тогтмол хугацаанд хийж буй юм. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг хийснээр бүс нутгийн аюулгүй байдал, түүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, итгэлцлээ бэхжүүлэх олон улсын индэр болж ирсэн байна. Энэ удаагийн хуралд Зүүн хойд Азиас гадна бусад бүс нутгийн эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох нь.
2024-06-05
Жуулчдад зориулсан тоглолттой
“Хүн” театрынхан жуулчдад зориулсан “Hun totem” үндэсний урлагийн тоглолтоо өчигдрөөс эхлүүллээ. Уг тоглолт энэ зуны 90 хоногийн турш өдөр бүр 17.00 цагт дээрх театрын байранд болох юм. Монголын үндэсний дуу, бүжиг, уран нугаралт, хөөмий гэх зэрэг ардын урлагийн төрлийг багтаасан уг тоглолт нэг цаг үргэлжилнэ. Мөн ардын урлагийг циркийн үзүүлбэрүүдтэй хослуулснаараа онцлогтой юм байна. Манай улсад аялсан жуулчид төдийгүй дотоодын иргэдэд ч үндэсний урлагийнхаа гайхамшгийг мэдрүүлэх, таниулах зорилготой уг тоглолтын тасалбарын үнэ50 мянган төгрөг аж.
2024-06-05
Тогорууны баярыг 11 дэх жилдээ тэмдэглэнэ
“Тогорууны баяр 2024” арга хэмжээг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Цагаан нуурын хөвөөнд энэ бямба гарагт зохион байгуулна. 11 дэх удаагийн эл арга хэмжээ нь Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьжээ. Монгол оронд долоон зүйлийн тогоруу нутагладаг. Үүнээс зургаан төрлийн тогоруу нь Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт зусаж, намарждаг байна.
2024-06-05
“Ara fest 2024” нэг сар үргэлжлэх нь
Хамгийн урт хугацаанд үргэлжлэх, хамгийн олон хөтөлбөртэй “Ara fest 2024”-ийг ирэх сарын 1-31-нд зохион байгуулахаар болжээ. Тус фестиваль нь Архангай аймгийн Цэцэрлэг хотоос найман км-ийн зайд орших “Ara complex”-т болох юм байна. Энэхүү арга хэмжээг төрийн байгууллагын оролцоогүйгээр хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулдгаараа онцлогтой.
2024-06-05
Богд хааны ордон музейг сэргээн засах ажлын явц 70 хувьтай байна
Үүнд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Богд хааны ордон музейг үүнээс өмнө 1961-1962 онд сэргээн засварлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус музейд сүүлийн 60 гаруй жилийн турш бүрэн хэмжээний засвар хийгээгүй байж. Сэргээн засварлалтыг Энэтхэг, Өмнөд Солонгос улсын соёлын өв, уран барилга сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй. Уг нь өнгөрсөн онд багтаан дуусгана хэмээж байсан. Богд хааны ордон музейн засварын ажлыг гүйцэтгэж буй “Энэржин” компаниас “Өнгөрсөн онд бороо ихтэйгээс засварын ажлыг удаашруулсан. Энэхүү музей нь энгийн барилга биш тул чимхлүүр ажлууд ихээхэн ордог. Тиймээс хугацаа шаарддаг” гэсэн юм.
2024-06-05
Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ он гарснаас хойш 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1, Баянхонгор аймаг дахь нь 386.0 кг үнэт металл тус тус худалдан авсан аж. Дээрх дүнгээс 1.8 тонн нь өнгөрсөн сард худалдан авсан үнэт металл юм байна. Энэ нь өмнөх буюу дөрөвдүгээр сарынхаасаа 0.9 тонноор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Харин 2023 оны мөн үеийнхээс 0.6 тонноор буурсан дүн болжээ. Төвбанкны үнэт металл худалдан авах ханшийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254 657 төгрөг байжээ.
2024-06-05
Соёлын өвийн хууль бус хулгайтай тэмцэхэд олон улстай хамтарна
2017-2021 онд түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22-ыг л нь эрэн сурвалжилж олжээ. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн гэнэ. Тиймээс соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэгт байгуулжээ. Энэхүү конвенцод манай улс нэгдсэнээр хууль бусаар экспортолсон соёлын өвүүдээ буцаан авах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг тус төслийн талаар танилцуулахдаа Соёлын сайд Ч.Номин хэлнэ лээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ.
2024-06-05
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хавдартай иргэдийг хохироож байна гэв
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 28 855 хүн хорт хавдартай хэмээн бүртгэгджээ. Тэдний эмчилгээнд өмнө дурдсан тогтоол саад учруулж байна гэв. Тухайлбал, өдрийн эмчилгээ хийлгэх хүмүүсээс орлогын түвшин багыг нь эмч сонгохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байгааг тэд дурдав. Мөн энэхүү заалт нь эмч нарыг авлига руу “түлхэж” байна гэлээ.
2024-06-05
Цэцийн даргын эрхийг “хязгаарлажээ”
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо тохиолдлын арга ашиглахаар болсон байна. Өмнө нь эдгээрийг Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байв. Ингэснээр дээрх ажиллагаанд Цэцийн гишүүд эрх тэгш, тэнцвэртэй оролцох боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
2024-06-05
Наршихаас сэргийлэхийг анхааруулав
Улаанбаатарт өнөөдөр 28-30 градуст хүрч халах тул наршихаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас зөвлөжээ. Харин баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Тэгвэл маргааш төвийн, нөгөөдөр хойд бүсийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний зөвлөснөөр наршихаас сэргийлэхийн тулд нүдний шил зүүж, малгай өмсөх нь зүйтэй аж. Мөн гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн бага насны хүүхдээ машин дотор үлдээхгүй байхыг сануулсан юм.
2024-06-04
“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчдод мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөх нь
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн ур чадвар” тэмцээн есдүгээр сарын 10-15-нд Франц улсад болно. Тус тэмцээнд 65 орны үндэсний ялагч буюу 22 хүртэлх насны 1500 хүүхэд, залуус 59 мэргэжлээр өрсөлдөх юм. Манай улсаас мужаан, өрөг угсрагч, тогооч, гагнуур, цахилгаанчин, сантехникч, CNC токарийн төрөлд үндэсний ялагч болсон залуус дээрх тэмцээнд өрсөлдөхөөр өдгөө бэлтгэлээ базааж буй аж. Тэд бүгд МСҮТ-ийн суралцагчид аж.
2024-06-04
Үндэсний номын сангийн салбар энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжинэ
Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ энэ сарын 1-нээс зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл салбар номын сан буюу саяхан ашиглалтад оруулсан байр нь энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжжээ. Ингэснээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагт нээлттэй байна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй. Зуны цагийн хуваарьт шилжих хүртлээ даваагаас баасан гарагт 09.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-17.00 цагт ажиллах нь. Зуны цагийн хуваарь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
2024-06-04
“Ид шидийн орон” шинжлэх ухааны тоглоомын талбайтай болжээ
Монголд анхдагч шинжлэх ухааны тоглоомын талбайг “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон “Ид шидийн орон” төвийн Улиастай дахь салбарт байгуулж, ашиглалтад орууллаа. Тус тоглоомын талбай болон шинжлэх ухааны танхимыг “Grand circle” кампанийн санхүүжилтээр хүүхдэд ээлтэй, биед сөрөг нөлөөгүй материалаартохижуулжээ. “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон тоглоомын талбай гэхээр гулсдаг, гүйдэг гэх хэвшмэл ойлголтыг халсан байна. Үүний оронд хүүхдүүд тоглоомоор дамжуулан суралцаж, аливаа зүйлсийг танин мэдэх боломжтой гэх уриалгыг олон нийтэд хүргэхээр зорьж буй гэнэ.
2024-06-04
ХСҮТ-ийн цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчиллээ
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн цэвэр ус түгээх системийг бүрэн шинэчилжээ. 1982 онд ашиглалтад оруулсан ХСҮТ-ийн барилгын ус хангамжийн систем нь зэвэрч муудан тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх болоод байжээ. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлсэн, 217.1 мянган ам.долларын өртөг бүхий уг төслийн хүрээнд тус эмнэлгийн 10 блок барилгын 20 000 ам метр талбайтай, цэвэр усны 9000 м урт шугам сүлжээг иж бүрэн шинэчлэн сольсон байна.
2024-06-04