Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гарагийн байдлаар улаан буудай, төмсний тариалалт дууссаныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 315.7 мянган га талбайд улаан буудай, 12.5 мянган га-д төмсний үр суулгаж дууссан бол нийт 530 400 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буудайн талбайн хэмжээ 59.7 гагаар өссөн дүн бол төмснийх 0.5 мянгаар буурсан дүн гэнэ. Түүнчлэн хүнсний ногоо, тос болон тэжээлийн ургамлын тариалалтыг ирэх сарын эхний 10 хоногт багтаан дуусгахаар ажиллаж буй. Мөн ХХААХҮЯ-наас тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га талбайг хамруулан хийжээ. Ингэснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га нь хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ.
С.Цэрэн