Өмнөговийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн дээвэр нурсан осол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Үүний улмаас нэг хүүхэд гэмтэж, толгой нь хагарч, оёдол тавиулсан байна. Өдгөө орон нутгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Уг сургуулийн барилгыг 1969 онд ашиглалтад оруулсан бөгөөд нэлээд хуучирч мууджээ. Мөн ойрын хугацаанд их засвар хийгээгүй, бага зэрэг засварлаж, түр аргацаасаар ирсэн гэнэ. Орон нутгийн удирдлага нь өнгөрсөн хугацаанд сургуулийн барилгыг буулгаж, шинээр бариулна гэж амласан ч хэрэгжүүлээгүй аж.
Дээвэр нь нурсны дараа холбогдох албаныхан, улсын байцаагчид сургуулийн барилгыг шалгаад, цаашид сургалт явуулах боломжгүй гэж дүгнэжээ. Тиймээс сурагчдыг сургуулийнхаа хоёрдугаар байр, дотуур байр зэрэгт хуваан хичээллүүлж байна. Үүнтэй холбоотойгоор зарим ангийн сурагчид гурван ээлжээр хичээллэхэд хүрснийг тус сургуулийнхан хэлжээ. Энэ сургууль одоогоор 1420 гаруй сурагчтай аж.
Сургуулийн удирдлага Боловсролын ерөнхий газарт хандаж, хүүхдүүдийг хичээллүүлэх байр түрээслэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ. Үүний дагуу түрээслэх байр хайж эхэлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийг цаашид цахимаар хичээллүүлж магадгүй гэнэ.
М.ОЧ