Олон жил үргэлжилсэн иргэний дайн дуусахтай зэрэгцэн яг 50 жилийн өмнө 1975 оны дөрөвдүгээр сарын 17-нд Камбожид ХХ зууны хамгийн харгис хатуу нийгмийн туршилт эхэлсэн байдаг. Улаан кхмерүүд гэж алдаршсан коммунистуудын зэвсэгт отрядууд энэ өдөр нийслэл Пномпень хотыг эзэлж, Америкийн чиг баримжаатай генерал Лон Нолын дэглэмийг унагасан юм. Шинэ дэглэм нигүүлсэнгүй хандахгүй болохыг урьдын дэглэмийг дэмжигч гэж үзсэн хүмүүсээс хотыг цэвэрлэж, да¬раа нь хүн амыг олноор устгаснаар шууд харуулав.
Янз бүрийн эх сурвалжид дурдсанаар Пол Пот болон түүний хамтран зүтгэгчид жижигхэн Камбожид 1-3 сая хүний амийг хөнөөсөн байна. Америк бөмбөгдөнө гэх шалт¬гаа¬наар Пномпенийн нийт оршин суугч 2-3 сая хүнийг хөдөө нутаг руу хөөн зайлуулав. Хөгшид, өвчтөнүүд, хүүхдүүдийг халуун наран дор унд, хоолгүй, эмнэлгийн тусламж үзүүлэлгүй явган хөөж, эсэргүүцэгсдийг газар дээр нь буудан хөнөөж байлаа. Дөрөвдүгээр сар дуусаагүй байхад Пномпень хотын гудамж эзгүйрэв. 1960-аад онд Камбож Вьетнамын дайнд татагдаад орчихсон, зүүн зүгийн мужуудад нь партизаны дайн дэгдээд Америкийн нисэх хүчин хил орчмын ширэнгэ ойд нь бөмбөг хаяад олон мянган жирийн иргэн амиа алдаад байлаа. Америкийн талыг баримталсан генералууд 1970 оны гуравдугаар сард эргэлт хийж, ханхүү Нородом Сианукийг эрх мэдлээс нь огцруулчихжээ. Тус улс иргэний дайны эмх замбараагүй бай¬далд орж, түлхэн унагаагдсан Нородом Сианук улаан кхмерүүд гэх коммунис хө¬дөлгөөнийг шинэ засгийн эсрэг тэмцэлд уриалав. Энэ нууц хөдөлгөөнийг Пол Пот гэх нэрээр хүмүүс мэдэх болсон Салот Сар гэгч удирдаж байлаа. Энэ хүн залуудаа Францад сурч байсан, максизмыг сонирхдог, Сталин, Мао Цэдуны зо¬хиолыг уншдаг нэгэн байжээ.
Пол Пот болон түүний хамтрагчид маозмыг удирдлагаа болгож орчин цагийн “хот суурин”-гийн нөлөөг үгүйсгэж, хөрш Вьетнамдаа тун таагүй хандаж кх¬мерийн хэт үндсэрхэг үзлийг номлодог байв. Тэд шинэ цагийн соёл иргэншлийг устгаж, Кам¬бож улсаа эртний үеийн газар тариалангийн ди¬ваа¬жин руу нь буцааж аваачих зорилготой. Улаан кхмерүүдийн гарт юуны түрүүнд “ангийн дай¬сан” болох хуучин дэг¬лэмийн төрийн ажилтнууд, газрын эзэн баячууд, сэхээтнүүд өртсөн аж. 1975 оны эх болоход Пол Потын талынхан Камбожийн хөдөө нутгийн ихэнхийг хяналтдаа авсан байлаа. Улаан кхмерүүд шийдвэртэй давшилтад орж Лон Нол дэмжлэггүй болж, эрх мэдлээсээ татгалзан дөрөвдүгээр сарын 1-нд хилийн чанад руу зугтав. Америкчууд ЭСЯ-аа татаж, Камбожийн нийслэлийг хувь заяанд нь даатгаад орхилоо. 17-ны өдөр Камбожийн армийн сүүлчийн ангиуд бууж өгч, дайн коммунистуудын ялалтаар дуусав. 1976 онд Пол Пот Ерөнхий сайдын суудалд албан ёсоор сууж, удалгүй хуучин дэглэмийн “илүүдэл” хүмүүсээс салжээ.
Камбож улсыг Ардчилсан Кампучи гэх болов. Дайнаас залхсан камбож хүмүүс эхний үед энх амгалан тогтоно гэж найдаж, туулж өнгөрөөсөн дайнаас нь илүү аймшигтай туршилт хүлээж буйг, Засгийн газар нь үзэгдээгүй цар хэмжээтэй аллага үйлдэхээр зэхэж байгааг төсөөлсөнгүй. Улсаа хотын амьдралаас бүрэн цэвэрлэх ажил, урьдын бүхнийг ул болгосон шинэ эрин эхэллээ. Хэдхэн сарын дотор Кампучи улсын бүх хүн ам нь хөдөө аж ахуйн ажилд үх-лийн айдастай албадан зүтгэсэн аварга том хөдөлмөрийн лагерь болж хувирах нь тэр. Шинэ дэглэм урьдын нийгмийн бүх бүтцийг оргүй устгав. Мөнгөн тэмдэгт, худалдаа, банкууд байхгүй болж, ерөнхий боловсролын болон их сургуулиуд, эмнэлэг, номын сангууд хаагдлаа. Мэдээллийн аливаа хэрэгслийг үгүй хийж, гадаад хэл дээрх номыг шатаав. Улс орон нь гадаад ертөнцөөс тасарч, өөр орны хүмүүс орж ирэхийг хориглож, ЭСЯ-д хаагдаж, холбоо харилцаа байхгүй болжээ. Боловсролтой хүмүүст ихээхэн халгаатай хандана. Сэхээт-нүүдийг газар тариалан-коммунизмын хувьсгалын гол дайсан хэмээн Пол Пот зарлав. Нүдний шил зүү¬хийг “хөрөнгөтний боловсрол”-ын шинж тэм¬дэг гэж үзэж, ийм “гэмт хэрэгт” хатуу шийтгэл онооно. Улаан кхмерүүдийн үл биелэх үзэл үйлдэл тун удалгүй үхлийн цуст хоолой болж хувирлаа. Олзлогдсон хүмүүсийг өдөр, шөнө¬гүй там¬лаж, устгаж байдаг шорон, хорих лагерийн сүлжээ орон даяар бий болов
. Район бүрд “дахин хүмүүжүүлэх төв”-үүд ажиллаж, тэндээс хамгийн зард гарсан нь Пномпень хотын сургууль дотор байрлуулсан №21-S-21 байсан бөгөөд сайд, төрийн ажилтан, лам, багш, оюутан байсан хүмүүс, Пол Потын хамтран зүтгэгчид байгаад урвасан гэж сэжиглэгдэгсэд мэт хувьсгалын “онцгой аюултай” дайсныг ийш нь авчирна. Тэднийг олон сараар өлсгөж тамлаж, зодож нүдэж, АНУ-ын Тагнуулын төв газар, Оросын Улсыг аюулаас хамгаалах хорооны тагнуул байсан болон шинэ дэглэмийн эсрэг хорлон сүйтгэх ажилд оролцсон гэх мэт “хэрэг”-ийг хүчээр тулган хүлээлгэнэ. Баригдаж хоригдсон хүний хүлээж байдаг юм нь ердөө цаазын ял. 1975-1979 онд №21-S-21-ээр 15-18 мянган хүн дамжиж ердөө 10 орчим хувь нь энэ тамаас амьд үлдсэн гэдэг. Камбожийн нутгийн гүнд ч байдал бас тун хүнд, хүмүүсийг амсар дээр нь аваачин буудаж хөнөөх нүх, шорон хааяагүй. Шинэ дэглэм сумаа хэмнэж, хүмүүсийг хамгийн бузар хэрцгий аргаар хөнөөнө. Буудахыг үрэлгэн арга гэж үзэн, зээтүү, бороохой, төмөр саваагаар цохиж, заримыг нь төмөр утсаар холбож байгаад ца-хилгаанд цохиулж ална. Хүүхдүүдийг эхийнх нь нүдэн дээр модоор цохиж устгана. Пол Потын дэглэм унаад хэдэн жил болж байхад Камбож даяар олноор оршуулсан газар 20 мянга гаруйг олсон байдаг. Ганц S-21 төвөөс л гэхэд 9000 хүний цогцос хожим нь ухаж гаргасан аж. Улаан кхмерүүд “Та нарыг амьд үлдээгээд ашиггүй, устгахад гарзгүй” гэсэн зарчмаар “шинэ хүмүүст” ханддаг байв.
Цэргийн алба хаагчид, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг засгийн эрх авсан эхний өдрөөсөө л уст¬гаж, түлхэн унагаагдсан Засгийн газрын гишүүдийг гэр бүлийнхнийх нь хамт цаазлахыг Пол Пот тушааж байжээ. Хотын оршин суугчдыг хоёр¬дугаар сортын хүмүүс гэж үзэж, тэднийг дахин сургах юм уу, үгүй хийхийг хувьсгалын зорилго болгож байв. Пномпень хотод амьдарч байсан олон сая хүнд онцгой хатуу ширүүн хандаж, үл шалих юмаар гэмтэн болгож, сул биетэй, ажилд муу байсны төлөө л “илүүдэл” хэмээн зарлаж орхино. Энэ нь устгана л гэсэн үг. Улаан кхмерүүд хэт үндсэрхэг үзлийг “гүйл¬гээнд оруулж” үндэстний нь цөөнх болох бараг бүх вьетнам, хятад, тай нарыг устгаж, хөөж туув. Олон зуунаар шүтэж ирсэн Буддын шашныг харгис хэмээн үзэж хориглоод, лам нарыг нь хөдөлмөрийн бригадад илгээж, алж хядлаа. Христос болон бусад шашныхан ч цохилтод өртлөө. Кампучийн эдийн засаг хурдан сүйрч, дэд бүтэц нь нурж, хөдөө аж ахуй нь улаан кх¬мерүү¬дийн бодит бус төлөвлөгөөний аяыг даахаа байлаа. Гэтэл нүүрлэсэн өлсгөлөнг тэд аюул занал биш, харин ч тогтоосон хэмжээнээс хэтрүүлж хооллох гэсэн оролдлого хэмээн үзэж хатуу цээрлүүлэх зэвсэг болгож ашиглав. Хү¬мүүсийг хувийн аж ахуйтай байхыг хориглож, өөрийн дураар жимс болон ургамал хураахыг ажил цалгардуулсан гэж үздэг, газар унасан гадил, хурааж авсны дараа талбай дээр үлдсэн тарианы үлдэгдлийг авахад шийтгэл хүлээлгэдэг болжээ. Өлсгөлөн гээч юм чимээгүй алуурчин болж түүнээс шалтгаалсан өвчнөөр хүмүүс олон арав, зуун мянгаар үхэж байв. Мэргэжлийн эмч нар үлдсэнгүй, эм¬нэлгийн тусламж хэрэг дээрээ байхгүй болж, эм нүдний гэм, эмнэлгүүд хаалттай. Коммунист “ди-ваа¬жин”-гийн хоригдлуудыг халуун орны халдварт өвчнүүд дураараа залгина. Өлсөж үхэгсдэд огт харамсахгүй, “сул хүмүүс”-т хөрөн¬гөө зарцуулснаас тэднээс салж байх нь ашигтай гэж үзнэ. Хоморголон устгах үйлдлийн гол эзэн нь “Нэг номерын ах” гэгдэх болсон Пол Пот, ойрын хамтрагч нь Нуон Чеа (“хоёр номерын ах”, дэглэмийн гол үзэл сурталч), Иенг Сари (Гадаад харилцааны сайд), Кхиеу Самфан (Төрийн тэргүүний нэр зүүгч), Сон Сен (Аюулаас хамгаалах албаны дарга) нар байлаа. Сая сая хүний хувь заяаг эд л шийддэг байжээ.
Тэдний гарын дор цэргийн олон арван дарга, шоронгийн захирагч, тэр ч бүү хэл, “махчин” хочтой хүн ч байжээ. Мэдээж товчлуурыг Пол Пот ч , түүний хамтран зүтгэгчид ч дарж байсангүй, гар хөл нь бологч дуулгавартай гүйцэтгэгч олон зуун мянган залуу, өсвөр насныхан байв. Удалгүй эднээс өөрсдөө золиос болж олон хүн аллагын машины араа шүдэнд нидрүүлсэн байна. Хувьсгалын хэмнэлийг түргэсгэхийн тулд коммунис намаа өргөтгөж, цэвэрлэх цаг ирэв. Урвагчдаас болгоомжлох айдсын улмаас Пол Пот дэглэмийнхээ дээд удирдлагад ч байсхийгээд цэвэрлэгээ хийж байлаа. Олон мянган улаан кхмер, өндөр цолтой олон арван офицер ур¬васан гэж сэрдэгдэн өөрийн нөхдийн гарт амиа алдав. 1977 онд ердөө л Вьетнамд тал¬тай хандсан хэмээн сэжиглэж Пол Пот зүүн бус нутгийг бүхэлд нь сүйтгэж, намын ажил¬тан, дайчдыг олон зуугаар нь нууцаар устга¬жээ. Тэр¬бээр нас барахынхаа өмнөхөн 1997 онд хамт¬ран зүтгэгчдийнхээ нэг, Батлан хам¬гаа-ла¬хын сайд байсан “88 номерын ах” Сон Сенийг Мэ¬дээллийн сайдаар ажиллаж байсан гэргий болон хүүхдүүдийнх нь хамт цаазлах шийдвэр гаргаж байв. Алан хядлагад өртсөн бас нэг бүлэг хүмүүс нь хүүхдүүд байлаа. “Шинэ нийгэм” байгуулахын тулд Пол Пот уламжлалт ул суурийг үндсээр нь, юуны урьд гэр бүлээр нь таслахыг зорьжээ. Шинэ эрх баригчдын хувьд эцэг, эхчүүд “хуучин дэглэм”-ийг тээгчид болоод байсан аж. Тэгээд хүүхдүүдийг хүчээр эцэг, эхээс нь салгаж, тусгай лагерь руу аваачсан байна. Өчигдөрхөн гадаа тоглоод гүйж явсан хүүхдүүд тэр даруй хувьсгалын цэрэг болох нь тэр.
Улаан кхмерүүдийн отрядад очоод тэд буутай болж, бусдыг эрх мэдэлдээ оруулах “эрдэм”-д суралцаж гарав. Төрөл садангийн хэлхээ холбоогоо албадан таслуулсан, юуг ч үл хайрлах харгис алуурчид тэднээс бий болж, чухам “Пол Потын энэ хүүхдүүд” л лагеруудад харуул хийж, хамтралын тариалангийн талбайг хамгаалж, бас өөрийн гараар золгүй хүмүүсийн голыг нь гогдож байжээ. Эцэг, эхээ тэд дахиж ер харсангүй. Эцэг, эхийг нь алж байхыг өөрийн нүдээр харсан нь олон хүүхдийн үзсэн анхны эмгэнэлт явдал болж үлдсэн байна. Өнчин хүүхдийг эрхэндээ оруулахад хялбар байдгаас улаан кхмерүүд аль болох олон хүүхэд өнчрүүлэхийг зорьжээ. 1970-аад оны эцэс рүү улаан кхмерүүд улс орноо үндсээр нь сүйтгэж, эцэст нь дэглэм нь мөхөхийн ирмэгт ирэв. Кампучийн дотоодод эсэргүүцэл зохион байгуулах хүн, хүч үлдээгүй тул хариуцлага хүлээхгүйдээ эрдсэн улаан кхмерүүд хөршүүд рүүгээ, юуны урьд Вьетнам улс руу өдөөн хатгасан дайралт хийх болов. Пол Потын үед Камбож улс вьетнамчуудтай холбоогоо тасалж, Хятадтай ойртож уугуул газар нутгаа эргүүлж авах дайнд илт бэлтгэх болсон байна. 1977 оноос Камбож-Вьетнамын хил байнгын зөрчил тэмцлийн төв болжээ. 1978 оны хавар улаан кхмерүүд Вьетнамын Ба Чук тосгонд зэрлэг балмад аргаар хядлага үйлдэж эмэгтэйчүүд, хүүхдүүд дийлэнх 3000 гаруй энгийн иргэний амийг хөнөөв. Энэ явдал Вьетнамын эрх баригчдын тэвчээрийг барж, XII сарын 25-нд Вьетнамын тал бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг эхлүүлэв. Кампучийн хувьсгалт арми гэгч нь байлдааны туршлагатай вьетнамчуудыг сөрөн зогсох чадваргүй байснаас хоёр долоо хо¬ногийн дараа 1979 оны нэгдүгээр сарын 7-нд Вьетнамын ардын армийн шилдэг анги, нэгтгэлүүд Зөвлөлтийн танкаар Пномпень хотод орж иржээ. Пол Потын дэглэм засгийн эрхийг авсан шигээ амархан уналаа. Пол Пот баруун зүг зугтаж, Тайландтай залгаа хилийн, нэвтрэхэд төвөгтэй ширэнгэ ойд оржээ. Түү¬ний хол¬боотон Хятад 1979 оны хоёрдугаар сард Камбожийн өшөөг авахаар умар зүгээс нь Вьетнам руу нэвтрэн оров. Энэ дайн нэг сар үргэлжилсэн ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, улаан кхмерүүд засгийн эрхээс бүрмөсөн зайлуулагдав. Пол Потоос зугтсан, хуучин дэглэмийн коммунистуудын толгойлсон Вьетнамын чиг баримжаатай шинэ Засгийн газар Камбожид байгуулагдаж, улсаа Ардын Бүгд найрамдах Кампучи гэж нэрлэх боллоо.
Хятад болон Өрнөдийн орнууд Пол Потын босогчдыг тус бүс нутагт Вьетнам, ЗХУ-ын нөлөөний эсрэг хүч гэж үзэж тэднийг дэмжсээр байв. Энэ дэмжлэгт дулдуйдан улаан кхмерүүд дахин зохион байгуулагдаж, хүчээ сэлбэж шинэ Засгийн газрын эсрэг олон жил үргэлжилсэн партизаны дайн дэгдээж чадав. Тайландын газар нутаг дээр, Камбожийн хил орчмын районуудад Пол Пот баазуудаа хад¬галж, 1990 он хүртэл тэндээс дайралт, дов¬тол¬гоон хийсээр л байжээ. Гэхдээ Пол Потын урьдын нөлөө үгүй болж, түүнийг арын эгнээ рүү шахаад залуу командлагчид тэргүүн эгнээнд гарч ирэв. Улаан кхмерүүдийн хөдөлгөөн 1997 онд бүрэн хуваагдаж, зарим удирдагч нь байл¬дахаас залхаад Засгийн газарт дагаар орохоор шийдэж, зарим нь ялагдалдаа Пол По¬тоо буруутгах болжээ. “Нэг номерын ах” өө¬рийн хүмүүстээ баривчлагдаж, 1998 оны дөрөв¬дүгээр сарын 15-нд үл тааварлах нөхцөлд амиа алдав. Албан ёсоор бол зүрх нь хаагдсан гэж үзсэн байдаг. Улаан кхмерүүдийн цуст дэглэмийн түүх ийн төгсөж, Камбожийг бараг 30 жил тарчлаасан иргэний дайн ч түүнтэй хамт дуусжээ. ...Бүхэл бүтэн бүлэг хүнийг устгах зориудын бодлогыг илэрхийлдэг “Хоморголон устгах” гэдэг үгийг улаан кхмерүүдэд хамааруулан хэрэглэлгүй нэлээд уджээ.
Пол Пот болон Камбожийн удирдагч байсан хүмүүсийн хоморголон устгах, хүн ёсны эсрэг гэмт хэргийг мөрдөн шүүхийн тулд тусгай шүүх байгуулах шийдвэр 2001 онд гарчээ. Олон улс болон Камбожийн шүүгчдээс бүрдсэн энэ холимог шүүх үйл ажиллагаагаа 2006 онд эхэлсэн байна. Энэ цаг үе болоход хуучин дэглэмийн удирдагчдийн олонх нь ертөнцийн жамаар хорвоог орхисон, үлдсэн цөөн нь өөрсдийг бурууг хүлээхгүй байв. Тэдний үзэл сурталчдын нэг “Таван номертой ах” Кхиеу Самфан хоморголон устгах хэрэгт буруутайгаа хүлээлгүй, хүмүүсийг олноор алж байсныг мэдээгүй хэмээн шүүгдэгчийн суудлаас мэлзэж байлаа. Гэлээ ч түүнийг хүмүүнлэгийн эсрэг хэрэгт нь буруутгаж, бүх насаар нь хорих ял өгчээ. Үүний дараа тэрбээр буруугаа хүлээж хоёр дахь удаагаа насаараа хоригдох ял авсан аж. Улаан кхмерүүдийн амьд үлдсэн бусад удирдагчдыг буруутай болохыг албан ёсоор нотолж, 2018 онд шийтгэл хүлээлгэсэн байдаг.
Р.Жаргалант