Монголд ёс суртахууны манлайлал үзүүлдэг нөлөөлөгч (influencer) бараг байхгүй. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн, сошиал танил бол өчнөөн бий. Хэдэн малынхаа буянд гэдэг шиг өөрсдөд нь итгэж, дэмждэг дагагчдынхаа хүчинд голоо зогоодог мөртөө тэдэндээ эр бяраа үзүүлэхийг нь яана. Дагагчдаа тэнэг мангараар нь дуудах энүүхэнд. Дэмжихгүй бол дагахаа болиод зайлчих л гэдэг “ёс зүйтэй”, хэрүүлч, тархи угаасан нөхдөөр нийгмийн сүлжээ дүүрсэн нь үнэн шүү дээ.
Хууль, дүрэмд захирагддаггүй, хариуцлага хүлээх тухай ямар ч ойлголтгүй, сошиалд олон дагагчтайгаа бараг хэвлэл мэдээллийн үүргийг гүйцэтгэдэг ухааны юм ярьдаг “хоосон толгойтон”-уудыг байранд нь тавьж, журамлах цаг хэдийн болжээ. Тав, арван мянган дагагчтай нь ч өөрсдийгөө инфлүүнсер гээд нэрлэчихсэн, цаашлаад үзэгч олонтой контент бүтээгч нар хүртэл сүүлийн үед нийгмийн санаа бодлыг илтэд чиглүүлэх гэж оролдох, турхирах, баталгаагүй мэдээлэл цацах, улмаар улс нийтээр нь хууран мэхэлж, мэдрэлээр нь өлхөн “нааддаг” болсон нь харамсалтай. Хамгийн сүүлд “Senso TV”-гийн залуус үүний тод жишээ болов. Хоронзон гишүүн хэмээх дүрээрээ олны танил болсон залуу жүжигчин Д.Дөлгөөн тэргүүтэй “Senso”-гийн уран бүтээлчид “Мянгатын охин” фэйсбүүк хуудсандаа уржигдархан нэгэн контент нийтэлсэн нь тэсрэлт болсон юм.
“Хөдөө нутгийн үзэсгэлэн” хэмээх гарчигтай 1.29 минутын богинохон бичлэгт нь малчин охины хотод очих хүсэл, үс гэзгээ янзлуулж, хумсаа будуулан, сормуус хүртэл хийлгэж үзмээр байгааг, загвар өмсөгч болох мөрөөдөлтэй ч хөгшин эцгийгээ орхиод хүрээ газар бараадаж чадахгүй тухай өгүүлнэ. Охин үүнийгээ нулимс дуслуулан ярих ба энэ нь өрөвч зөөлөн монголчуудын сэтгэлийг машид хөдөлгөсөн. Фэйсбүүкт тухайн бичлэгийг өчигдрийн байдлаар 2.8 сая удаа үзэж, 37 мянган лайк, зүрх цугларан, 3.5 мянган хүн сэтгэгдэл бичсэн байв.
Үргэлжлэл бичлэг нь ч мөн хандалт сайтай. Хөдөөгийн охины бяцхан хүслийг биелүүлэх гэсэн хувь хүмүүс, гоо сайхны дэлгүүрийнхэн хүртэл түүнд зориулан бэлэг бэлдэж, тэдгээр нь сошиалаар хөврөхийн сацуу стилист, артист нар охинд тусалж, дэмжихээ илэрхийлэн, ёстой л ганцхан шөнийн дотор “од” болсон доо.
“Senso”-гийн жүжигчдэд далаараа тавиулснаа мэдэх хүртлээ монголчууд сайхан сэтгэлээ дэвссээр байсан гэсэн үг. Харин “мал”-д нүдтэй зарим хүний ачаар дээрх бичлэг тавилттай, хуурамч болохыг нь нийтээр өчигдөр л мэдэцгээв шүү дээ. Охины яриаг сонсоод өрөвдөж хайрласан, уярч уйлсан хүмүүсийн уур бухимдал ч нийгмийн сүлжээнд эрчийг авсаар байна. Энэ бол манай орчин үеийн контент бүтээгчдэд байж боломгүй түгээмэл, маш том алдаа. Хуурамч сурталчилгаа, бичлэг цацаж, нийгмийг шууруулж байснаа хэсэг хугацааны дараа “Тоглосон юм, кино, рекламны маркетинг байлаа” гэж хэлээд “хэргээс” мултардаг жишиг энэ мэт тогтож буй нь дэндүү гунигтай. Дагагчаа нэмэхийн тулд арга ядсан хуурамч маазрал, эсвэл хэт уянгалсан драм үзүүлэх нь нийгэмд асар хортойг судлаачид ч хэлдэг. Гэтэл улс орныхоо ирээдүй болсон, нийгмээ чиглүүлж түүчээлэх ёстой залуус нь ийм увайгүй, худалч, хуурамч болчихоор бусад нь яах билээ. Ард иргэд хэнд, юунд итгэх, үгүйгээ ч мэдэхээ байх нь.
Сошиал олны танилуудын ажилладаг арга нь энгийн. Эхлээд нийгэм дэх хүмүүсийн уур бухимдлын үүр уурхайг гярхай ажиглан, түүнийг нь шүүмжилж шоолсон дүр үзүүлэн хандалтаа өсгөж аваад, дараа нь дагагчдаа шороотой хутган, хэн нэгний нохойд барьдаг “мод” болоод хувирчихдаг. Инфлүүнсерүүдийн олонх нь өдгөө “хортой дүр” болж, шударга үнэний эсрэг тэмцэн, өөрсдийн авьяас, эзэмшсэн мэргэжил, ирээдүйд хүрч болох амжилт, карьераа мөнгөний төлөө худалдах болсон нь дэндүү хөөрхийлөлтэй.
Хамгийн гол нь тэд хүмүүсийн итгэл үнэмшлийг үгүй хийж, бусдад туслах гэсэн сайхан сэтгэлд нь сүүдэр тусгаж буйгаа огтхон ч ухамсарлахгүй байгаад учир бий.
Нөгөө талаар манайхны сониуч, шооч, бусдыгаа хөөргөдөг, хорлодог зангаас болж өнгөрсөн хугацаанд сэтгэцийн өвчтэй нь тогтоогдсон цөөнгүй хүн олны танил болоод амжив. Тэд өөрсдийгөө инфлүүнсер гэцгээж, нийгмийн сүлжээнд элдэв сэтгэгдэл, бичлэг түгээн, лайв хийж, массыг шууруулах нь байдаг л үзэгдэл болов. Утаа, түгжрэл, үнийн хooрoгдoл, татварын дарамт зэргээс үүдэлтэй стресс бухимдалдаа “живчихсэн” иргэд тэднийг үзэж, бах таваа хангана. Зарим улс төрч “мөрөөдлийн баг”-ийнхныг сонгуулийн сурталчилгаандаа ичихч үгүй ашиглахыг нь яана. Бүр болохгүй бол “дэвсэлж” байгаад нөгөөдүүлээ эмнэлэгт хорьчихно, эсвэл гудамжинд гаргачихдаг. Бидний оюун санаа ийм л өрөвдөлтэй, ядуу болчхоод буй.
Монголчуудыг сошиал давлагаанд өртөөгүй байхад урлаг соёл, спорт, эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын гээд бүх л салбарт тулхтай, мэдлэгтэй нөлөөлөгчид байлаа. Гэвч тэд өдгөө ялгаагүй л үзэл бодол, үнэт зүйлсээсээ урваж, улс төрчдөд худалдагдсан. 60 сая төгрөгөөр лайв хийж, хүмүүсийн санаа бодлыг эргүүлэхийг оролддог тухайг нь асуусан дэмжигчдээ Б.Цэцэг “Би хуушуурны мөнгөөр лайв хийдэг жижиг гар биш” хэмээн басамжлан доромжлох нь хэвийн үзэгдэл гэж үү. Театрын нэртэй жүжигчин Д.Ганцэцэг хүртэл өмнөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг суулгачхаад ярилцлага авч суухыг ирээдүй хойч минь харж, даган дуурайж өсөж байгаа нь даанч харамсалтай. Хошин урлагийнхан ч хамтлаг, театраараа хуваагдан, сонгуулиар улс төрчдийг дэмжээд алга болдог. Дуучид, бүжигчид ч ялгаагүй тархи угаахдаа гаргуун.
Баталгаагүй бараа сэлт, хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулах, цаашлаад эм, тариа, гоо сайхны мэс засал сурталчлахад нөлөөлөгч нарт ямар ч шүүлтүүргүй, зах замбараагаа алджээ. Ийм даварсан, даруулгагүй нөлөөлөгчдөд хариуцлага тооцдог системтэй болохгүй л бол монголчууд энэ янзаараа тун удахгүй үзэл бодол, үнэт зүйлийн дархлаагүй болох нь. Олон улсад үүнээс сэргийлж, цөөнгүй орон инфлүүнсерүүдээ “хазаарлах” дүрэм журам, бие даасан хуультай болоод байна. Тухайлбал, Франц улс 2023 оны зургаадугаар сард Сошиал орчин дахь инфлүүнсерүүдийн арилжааны нөлөөллийг зохицуулах, зөрчлөөс сэргийлэх тухай хууль баталж, дүрэм журмаа тодорхой болгожээ. Олон улсад “Influencer act” хэмээн нэрлэж хэвшсэн энэхүү хуулийн гол онцлог нь нөлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг хамгаалахад чиглэжээ. Европын Холбооны улсуудын хэмжээнд анхны цогц хууль хэмээн тооцогддог. Тус актад “Инфлүүнсер гэж өөрийн нэр хүнд, дагагчийн тоонд үндэслэн цахим орчинд бараа, үйлчилгээ, эсвэл аливаа зорилго, агуулгыг төлбөртэйгөөр сурталчилдаг хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.
Сошиал орчин дахь инфлүүнсерүүдийн арилжааны нөлөөллийг зохицуулах, зөрчлөөс сэргийлэх тухай хууль олон улсад жишиг болсон нь хүүхдийн эрхийг дээдэлсэн, цахим орчноос хамгаалсан, мөн тэднийг оролцуулсан контент бэлтгэсэн бол нэр дээрх дансанд нь тодорхой мөнгөн урамшуулал хуримтлуулах зэрэг инфлүүнсер, сурталчлагч, агентуудыг хариуцлагажуулах, хэрэглэгчийн эрхийг хангаж ажиллах зарчмыг нэвтрүүлсэн нь юм. Мөн тухайн нөлөөлөгч төлбөртэй сурталчилгаа, контент хийхдээ тусгай тэмдэглэгээ, нэр, томьёо заавал байршуулахыг журамласан. Зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахыг хориглосон явдал нь ч олны талархлыг хүлээдэг. Үүнд гоо сайхны мэс засал, никотин агуулсан бүтээгдэхүүн, крипто валют зэрэг санхүүгийн өндөр эрсдэлтэй үйлчилгээ, цахим мөрийтэй тоглоом, спортын тэмцээний бооцоо зэргийг багтаасан байна. Үйлчилгээ үзүүлэгч болон захиалагчийг бичгээр гэрээ байгуулахыг дээрх хуульд заасан бөгөөд талуудын үүрэг, хариуцлага, төлбөрийн нөхцөл, оюуны өмчийн эрх зэрэг холбоотой мэдээллийг тусгах ёстой аж. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд, нийгэмд их хэмжээний хохирол учруулсан бол нөлөөлөгч нарыг хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял, 300 мянган еврогийн торгууль, сошиал хаягийг нь түр хаах болон бүрмөсөн устгах арга хэмжээ авдаг гэнэ.
Гадаадын инфлүүнсерүүдийн үйл ажиллагааг хүртэл тус хуулиар зохицуулдаг юм билээ. Өөорөөр хэлбэл, олон улсын нөлөөлөгчид эх оронд нь дураар аашлахыг зөвшөөрдөггүй гэсэн үг.
Францаас гадна дараах бусад улс орон ч инфлүүнсерүүдийн үйл ажиллагааг зохицуулсан тодорхой дүрэм журамтай. Италид нөлөөлөгчдийг хандивын арга хэмжээ зохион байгуулах бол холбогдох байгууллагуудад заавал мэдэгдэх, үйл ажиллагааг тухай бүрд нь ил тод мэдээлэх, зөрчил гарсан тохиолдолд 5000-50 000 хүртэлх еврогийн мөнгөн торгууль ногдуулдаг. Испанид нэг сая, түүнээс олон дагагчтай инфлүүнсерүүдийг тамхи, архи, согтууруулах ундаа, эм, эмийн бүтээгдэхүүн сурталчлахыг хориглодог. Бельгичүүд Францын хуулийг үндэслэн, инфлүүнсер маркетингийг зохицуулж байна. Өмнөд хөршид нөлөөлөгч нарын шууд дамжуулалт буюу лайв, цахим худалдааг хянаж, бүтээгдэхүүний сурталчилгааны бодит үнэн, чанарт шалгуур тавьж, зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг аж.
АНУ-д нөлөөлөгч хүүхдүүдийг тодорхой дүрэм журмаар түлхүү хамгаалдаг бөгөөд контентоо устгах эрхийг нь хүртэл олгодог.
Эдгээр хууль, журмын гол зорилго нь инфлүүнсерүүдийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох, хэрэглэгчдийг хамгаалах юм.
Ихэнх оронд нөлөөлөгчдийг иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийхийг хориглодог аж. Харин Монголд инфлүүнсерүүдийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хариуцлага тооцох тухай тусгайлсан хууль, журам одоогоор байхгүй. Гэхдээ нөлөөлөгчдөд зарим хуулиар хяналт тавих боломжтойг их сургуулийн багш нар, судлаачид хэлэв. Жишээлбэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлэгч нь худал мэдээлэл өгөх, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, баталгаагүй бүтээгдэхүүн санал болгохыг хориглосон байдаг. Инфлүүнсерүүдийг зарим тохиолдолд “үйлчилгээ үзүүлэгч” гэж тооцож болох аж. Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуулиар худал, төөрөгдүүлсэн мэдээлэл нийтлэхийг хориглодог бөгөөд инфлүүнсерүүдийг “сурталчилгаа түгээгч” гэж үзэх ч боломжтой гэнэ. Мөн Монополын эсрэг газар (хуучнаар ШӨХТГ)-т иргэд гомдол гаргавал түүний дагуу шалгалт хийдэг. Нөлөөлөгчдийн ёс зүйг “хазаарлах” ямар нэгэн зохицуулалт бол алга.