Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран 2025-2028 онд хэрэгжүүлэх түншлэлийн стратегиа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Түншлэлийн шинэ стратеги нь манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдсан бөгөөд ашигт малтмалын экспортын хэт хамаарлаас үүдэлтэй макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, гол сорилтуудыг шийдвэрлэх зорилгод тулгуурлан хувийн хэвшил, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, санхүүгийн байгууллагуудыг дэмжихэд чиглэх гэнэ. Талууд үндсэн гурван чиглэлийн хүрээнд нягт хамтарч ажиллах төлөвлөгөө гаргажээ. Эхнийх нь хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих аж. Үүний хүрээнд төрийн удирдлага, төрийн өмчит компаниудын тогтолцоог шинэчлэх, хувийн хэвшлийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, зам, дэд бүтцийг сайжруулж, тээвэр ложистикийн зардлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэх нь. Удаах нь тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх гэнэ. Энэ чиглэлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах институцийн болон бодлогын орчныг сайжруулах, тогтвортой санхүүжилт босгох, ногоон зээл, бондын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллах нь. Түүнчлэн дагуул хот байгуулах санаачилгыг дэмжиж, нийслэлийн гэр хороолол, аймаг, сумын төвүүдэд орлогод нийцсэн орон сууцын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, тээврийн болон нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьжээ. Хамгийн сүүлийнх нь чадавх болон боломжийг нэмэгдүүлэх. Эл чиглэлээр хийх гол ажил нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн дээд боловсролыг дэмжих аж. Засгийн газраас баримталж буй тэргүүлэх чиглэл, хөгжлийн төсөл, хөтөлбөртэй хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо уялдуулж, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх нь бүтээмж, чадавхыг нэмэгдүүлэх хөшүүрэг гэж үзжээ.
Н.Мишээл