Дэлхийг автомашинтай тойрох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Улаанбаатараас Лондон, Сидней хүртэл аялсан Ш.Түвшинжаргалын гэр бүл Америк тивийг хөндлөн гулд туулах ээлжит аяллаа уржигдар эхлүүллээ. Аялагч гэр бүл 2018 онд автомашинтайгаа 41 улсын нутгаар 47 000 км зам туулж, Улаанбаатараас Лондонд хүрсэн. Харин 2022 онд автобустайгаар 16 орон дамжин 70 000 км зам туулснаар Австралийн Сидней хотод очсон юм. Харин гурав дахь аяллаараа Өмнөд Америкийн Патагониагаас Хойд Америкийн алс хязгаар Аляска хүртэл автобустай зорчихоор төлөвлөжээ. Энэ нь авто аялагчдын хувьд мөрөөдлийн буюу хамгийн баялаг, сорилт ихтэй маршрутад тооцогддог гэнэ.
Ш.Түвшинжаргал “Бид хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүх эд зүйлээ арилжаад, дэлхийг тойрох гурав дахь том аялалдаа гарлаа. Энэ удаа туулах зам өмнөх хоёр аяллын маршрутыг нийлүүлснээс ч урт байна. Мэдээж асар их адал явдал, сорилт бэрхшээл, тэсвэр тэвчээр, мэдлэг туршлага, хөрөнгө санхүү шаардах нь тодорхой” гэсэн юм.
Н.Мишээл