Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Икүина-г Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг уг чуулга уулзалтад оролцож буйд дэд сайд А.Икүина-д талархал илэрхийлж, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх болон манлайллыг бэхжүүлэх чиглэлд нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай ойр нягт хамтран ажиллахын төлөө буй гэв.
Тэрээр манай хоёр улсын харилцааны түүхэнд 2025 он алтан үсгээр бичигдэх жил болж, Монгол Улсын төрийн тэргүүний урилгыг хүлээн авч Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн түүхэн айлчлал хийсэн нь “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг батжуулан бэхжүүлэх, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой болсныг талархан тэмдэглэв.
Дэд сайд А.Икүина Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд бодит арга хэмжээ авч, үнэтэй нэмэр оруулж буй гээд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Япон Улсад энэ оны 03 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Токио хотноо НҮБ-ын Их Сургууль (UNU)-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс-Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиумд оролцон, энэ удаа ийнхүү дахин уулзаж буйдаа нэн талархалтай буйгаа илэрхийлэв.
Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, стратегийн болон улс төрийн зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг урагшлуулах талаар санал солилцож, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.