Вьетнамын хойд төв эргийг Кажики хар салхи уржигдар дайран өнгөрсний улмаас нэг хүн нас барж, найман иргэн гэмтжээ. Вьетнамын Үндэсний ус, цаг уурын урьдчилсан мэдээллийн төвийнхний мэдэгдсэнээр салхины хурд цагт 118-133 км хүрч ширүүссэн бөгөөд Тханьхоа, Куангчи, Хуэ, Дананг зэрэг мужийн ойролцоо оршин суудаг 50 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, орон нутгийн нислэгүүдийг цуцалсан байна. Мөн шуурганы улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсэн, цахилгаан эрчим хүчний хангамж тасарч, гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбар болон 600 гаруй байшингийн дээвэр хийссэн гэнэ. Ташрамд дурдахад, Вьетнамд өнгөрсөн оны есдүгээр сард болсон Яги хар салхины улмаас 300 хүн амиа алдсан юм.
У.Цэцэг