ХБНГУ-ын нэрт найруулагч Ян Хафтын 2012 онд бүтээсэн “Ногоон гайхамшиг-бидний ой” танин мэдэхүйн баримтат киног өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Далд амьдралыг ил болгоно” уриатай уг бүтээлээрээ найруулагч ойн нууцлаг, ер бусын үзэсгэлэнт амьдралыг олон талаас нь харуулахыг зорьсон бөгөөд зургийг нь Австри, Герман, Дани улсын нутаг дэвсгэрт зургаан жилийн туршид авч, 250 гаруй цагийн бичлэг хийсэн гэдэг. Кино урлаг, телевизийн салбарынхнаас төдийгүй байгаль орчны судлаач, мэргэжилтнүүд, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан уг бүтээлийг Монгол дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” төрийн бус байгууллага хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголчуудад толилуулахаар болжээ. Киноны албан ёсны нээлт “Шангрила”-гийн “IМах” кинотеатрт өнөөдөр 09.30- 12.00 цагт болох аж. Энэ үеэр тус бүтээлийг үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулна.
Н.Мишээл