Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс монгол лам нарын II чуулганыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.
Чуулганы эхний өдөр лам хуврагуудын сахилга хариуцлага, зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох зорилготой “Ламын ёс зүйн дүрэм”-ийн төслийг баталсан бол хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр “Монголын бурхны шашны лам болон сүм хийдийн бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийг хэлэлцэж батлав. Түүнчлэн чуулганы хүрээнд шашин номын үйл хэрэг, лам хуврагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, сүм хийдийн хөгжил, цаашдын бодлого чиглэлтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол лам нарын II чуулганд нийт 622 лам хувраг оролцсон бөгөөд бурхны шашны уламжлал, үнэт өв, соёлыг хадгалан хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, зохицуулалтын үндсийг тодорхойлох, шашны байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэснээрээ ач холбогдолтой.
Л.Ням