“Монголын улаан ном”-д орсон мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Говийн их дархан цаазат газрын Сүүж булгийн баянбүрдэд нутаглах 70 кг жинтэй эвшид 25 кг жинтэй бамбаруушийнх нь хамт сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Тус яамны санхүүжилтээр уг ажлыг “Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг” төрийн бус байгууллага, Австралид төвтэй “Mongolia Aid international Inc” болон Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааныхан хамтран хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтойг албаныхан онцолсон.
Мазаалай нь манай орны говь цөлд амьдардаг, дэлхийн цорын ганц баавгай. 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод нутаглаж байсныг нь анх олж тогтоосон байдаг. Эрдэмтэд эл амьтныг баавгайн бие даасан зүйл гэж үзэн, биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Улмаар АИХ-ын Тэргүүлэгчдийн 1953 оны тогтоолоор мазаалайг дархан цаазат амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хоригложээ. Мазаалайн тоо толгой 1960-аад онд 15-20, 1970 онд 20 гаруй, 1980 оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 болж нэмэгджээ. Уг төрөл, зүйлийг устаж үгүй болохоос хамгаалах ажлыг тасралтгүй явуулсны үр дүнд өдгөө тоо толгой нь 50 орчим болсон байна.
Ташрамд дурдахад, 2005-2019 онд 26 мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, биологийн онцлогийг нь судалж буй гэв.
О.Ундрах