Хүүхдүүд шуугилдаж, “хичээлдээ хоцрох нь” хэмээн гүйлддэг сургууль орчимд өчигдөр өглөө нам гүм байлаа. Цэцэрлэгүүд ч мөн дүнсгэр. Багачуудгүй анги, танхим нь хоосон оргино. Учир нь өчигдөр улс орон даяар цэцэрлэг, сургуулийн багш нар ажил хаяв. Энэ тухайгаа хоёр хоногийн өмнөөс эцэг, эхчүүдэд сануулж, мэдэгдэх хуусдаар дамжуулан гарын үсэг зуруулсан юм. Цалингаа нэмүүлэх гэсэн багш нарын тайван жагсаал үр дүнд хүрээгүй учир эцсийн арга буюу ажил хаясан нь энэ. Үүнийг Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбоо(БШУҮЭХ)-ноос зохион байгуулж буй бөгөөд гишүүнчлэлтэй сургууль, цэцэрлэгүүд бүгд дэмжиж оролцож байгаа юм. Тус хорооны дарга дарга З.Цогтгэрэлээс нийт хэчнээн, сургуулийн багш нар ажил хаяж буйг тодруулахад “Нийслэлийн 314 цэцэрлэгээс 217 нь ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар 178 цэцэрлэг, ерөнхий боловсролын 106 сургууль ажил хаяхаа мэдэгдсэнээс 83 нь оролцож байна. Боловсролын эдгээр байгууллагын нийт 16 мянга гаруй багш ажил хаялаа. Манай холбоо хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг үндэслэн хоёр талт хэлэлцээрийг хууль ёсны дагуу байгуулдаг байгууллага юм. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хэлэлцээрийн ширээний ард суутлаа ажил хаяна” гэв.
Багш нар 08.00-17.00 цаг хүртэл ажлын байрандаа лоозон, уриагаа бариад тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ. Хоёр цаг тутамд ирцээ бүртгүүлж буйг нийслэлийн 24 дүгээр сургуулийн үйлдвэрчний эвлэлийн дарга нь хэлсэн. Тэрбээр “Би сургуульдаа 12 дахь жилдээ ажиллаж байна, тэргүүлэх зэрэгтэй. Анги даалт, ур чадварын нэмэгдэл гээд бүх л урамшууллыг нэмээд хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг. Дөнгөж ажилд орсон багш нар 1.2-1.4 сая төгрөг гар дэрээ авч байна. Багш нарын хөдөлмөрийг ингэж багаар үнэлж болохгүй. Боловсон хүчний хомсдолоос болж багш нарыг хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” гэв. Тус сургуулийн 142 багш, ажилтан ажил хаяжээ. Тэд төр, засаг багш нарыгаа сонсож, нааштай хариу хурдан гаргаасай, олон мянган хүүхдийг эрсдэлд бүү оруулаасай хэмээн хүсэж буйгаа уламжилсан юм.
Мөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 14 сургууль ажил хаялтад нэгджээ. Тэдний нэг, нийслэлийн нэгдүгээр сургуулийн үйлдвэрчний эвлэлийн дарга, түүх нийгмийн багш М.Цогбаяр ийн ярив. Тэрбээр “Манай сургуулийн 170 гаруй багш, ажилтан энэ үйл ажил¬ла¬гаанд нэгдэж, сургуульдаа цуглаад байна. Нийт 3500 гаруй сурагчтай. Анги удирдсан багш нар нь хүүхэд бүрд мэдэгдэх хуудас тараан өгч, дэмжиж буй эцэг, эхчүүд гарын үсэг зурсан. Бүх эцэг, эх, асран хамгаалагч дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид багш нарын цалинг шууд 3.5 сая төгрөг болго гээгүй. 2026 ондоо багтааж энэ дүнд хүргэх бодит шийдэл ярихыг Засгийн газраас шаардаж байна. Гарц гаргалгаа хэлэхгүй, 20 хувь нэмсэн болоод ам таглахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үр дүнд хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ. Боловсролын яам, үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээр үр дүнд хүрсэн цагт хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ” гэлээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 123, Баянзүрх дүүргийн 84, 85, Хан-Уулын 15, Монгол гуравдугаар сургууль зэрэг олон байгууллага ажил хаялтад нэгдэж буйгаа цахим орчинд илэрхийлсэн байв. Мөн орон нутагт ажил хаялт алаг цоог өрнөж буй бөгөөд Орхон-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийнхан албан ёсоор ажил хаяснаа мэдэгдлээ. Үүнээс гадна есөн аймаг нэгдсэн хэмээн БШУҮЭХ-оос мэдээлсэн. Сэлэнгийн Мандал сумын сургуулийнхан өнөөдөр ажил хаялтад нэгдэх гэнэ. Харин их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургуулиуд хараахан нэгдээгүй бөгөөд цаашид дэмжиж, оролцохоо илэрхийлсэн байна.
Цэцэрлэг, сургуульгүй болсон хүүхдээ яана вэ гэх асуудал эцэг, эхчүүдийн толгой дээр бууж байгаа ч багш нарыг цалингаа нэмүүлэхийг дэмжиж, гарын үсэг зурснаа олон хүн илэрхийлэв. “Багш нарын цалин үнэхээр бага байна. Үр дүнд хүртлээ явах хэрэгтэй”, “Заавал цалингаа 3.5 сая төгрөг хүргээрэй” хэмээн дэмжсэн сэтгэгдэл цахим орчинд ч дүүрэн байв.
АЖИЛТНЫХАА ЦАГИЙГ УЯН ХАТАН БАЙЛГАХЫГ УРИАЛАВ
Багш нарын ажил хаялт, бие даалтын долоо хоног эхэлж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналтаа сайжруулахыг ХЭҮК-оос уриаллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цэцэрлэгт 257, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. Тэднийг эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавихыг ийн сануулсан юм. Өөрөөр хэлбэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл бүрдүүлж, хүүхдийг хамгаалах ээлтэй шийдвэр гаргахыг уриалав.
ТЕЛЕ ХИЧЭЭЛЭЭ ҮЗЭЭРЭЙ
“Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдгийн адилаар багшгүй болсон сурагчдад цахимаар хичээл заахаар болжээ. Сурлагын хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор теле хичээлийг улс орон даяар шууд дамжуулж буй. Тодруулбал, энэ сарын 16, 17-нд 09.0017.00 цагийн хооронд 1-12 дугаар ангийн сурагчид хичээлээ телевизээр үзэх нь.
БАГШИЙН ЦАЛИН НЭМЭХИЙГ ДЭМЖИЖ, УИХ-ЫН 42 ГИШҮҮН ГАРЫН ҮЗЭГ ЗУРАВ
2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон авч үзэж, шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, 2026 оны улсын төсөвт тусгах саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат санаачилжээ. Түүний санаачилгад УИХ-ын 42 гишүүн нэгдэж, гарын үсэг зурсан байна. БШУҮЭХ, Засгийн газар, Боловсролын яам зөвшилцөх хэлэлцээрт орж шийдэх хэрэгтэй хэмээж буй юм.