“Netflix”-ийн “Physical: Asia” шоуны шилдэг дөрвөн багийг уржигдар тодрууллаа. Анх найман багтайгаар эхэлж байсан тус шоунд өдгөө Монгол, Австрали, БНСУ, Япон гэсэн дөрвөн улсын тамирчид тунаж үлдэн, ур чадвар, авхаалж самбаа, хүч чадлаараа өрсөлдөж байна. Шилдэг дөрвөн багаас япончууд тавдугаар даалгаварт ялалт байгуулснаар дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Харин үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д орох бөгөөд хасагдсан тамирчид эл шоуг өндөрлүүлэх юм. Уг шоуны 10-12 дугаар ангийг энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл болгож, ялагчдыг тодруулах аж.
Манай тамирчид энэ төрлийн олон улсын шоу тэмцээнд анх удаа баг бүрдүүлэн оролцож байгаа бөгөөд хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ дэлхий дахинд харуулж байна. Тус шоу нээлтээ хийснээс хойш Азийн орнуудад үзсэн хүнийхээ тоогоор дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, энэ сарын 5-ны байдлаар шоуг нийт 5.2 сая хүн үзэж, “Netflix”-ийн Non-english буюу англи хэл дээрх бус ангилалд гуравдугаарт бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 контентын жагсаалтад багтаж, найман улсад нэгдүгээр байрт орсон өндөр үзүүлэлттэй байгаа юм.
Э.Сүйлэн