Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 20 600 байгууллагын 150 мянга орчим ажилтан, албан хаагчийг ажил, мэргэжлээс нь шалтгаалан жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг. Тэгвэл эдгээр хүний үзлэгт хамрагдсан мэдээлэл, өвчний түүх бүхий цагаан дэвтрийг бүрэн цахимжуулсныг “И-Монголиа” академиас мэдээллээ. Ингэснээр эмнэлгийн байгууллагуудын хүртээмж нэмэгдэж, ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхээс урьдчилан сэргийлэх, статистик мэдээллүүд бодит болж, бодлогын хэмжээнд үр дүн гарна гэв.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системд шивж оруулах, цахимжуулах ажлыг ЭМЯны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хамтран гүйцэтгэжээ. Үүний үр дүнд иргэд шинжилгээний хариугаа биечлэн авахгүйгээр “И-Монголиа”-гаас шууд харах, дэвтрээ алга болгох эрсдэл үүсэхгүй, эмч нар ч өмнөх үзлэгийн түүхийг харьцуулан оношлох боломжтой болж, давтан үзлэг буурах сайн талтай. Цаашлаад цахим сангаар дамжуулан урьдчилан сэргийлэх кампанит ажлын хамрагдалт, өвчлөлийн түвшин, нас, хүйсийн бүтцэд дүн шинжилгээ хийх, мөн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан эрүүл ахуйн шаардлага ханган ажиллаж буй, эсэхэд нь хяналт тавихад хялбар болж байгаа аж.
О.Ундрах