“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) энэ долоо хоногт хуралдах товтой байна. ТУЗ-ийн хурлаар компанийн гүйцэтгэх захирлын томилгоо зэрэг хэд хэдэн онцлох асуудлыг хэлэлцэх аж. Одоогийн удирдлага Дэйрдрэ Лингенфелдэр ирэх сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тул шинэ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт компанийн түвшинд өрнөөд байгаа юм.
“Рио тинто” групп болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах яриа хэлэлцээр үргэлжилж буй. Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон. Тэгвэл Ерөнхий сайд өчигдөр хатагтай Кейти Жаксоныг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж, хоёр талын байр суурийг бататгалаа. Тэрбээр зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм. Мөн дээрх уулзалтын үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгон, монгол иргэнийг томилох нь манай улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг Засгийн газрын тэргүүн илэрхийлсэн юм.
Г.Сансар