Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 41 844 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 2128 нь хүүхэд хохирсон гэмт хэрэг бөгөөд 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 нь орон нутагт болсон байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба болон “Прэмиум нексус CU”, “Дижитал концепт GS25” байгууллагынхан хамтран “365 Анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ. Эл аян нь асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн хүмүүжилд эерэг байдлаар нөлөөлөх, нийгмийн дуу хоолойг нэгтгэх зорилготой бөгөөд энэ сарын 12- ноос эхлэн 21 хоногийн турш үргэлжлэх юм. Ингэхдээ эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.
Хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд эцэг, эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүмүүжил төлөвшлийн доголдол, үе тэнгийн дээрэлхэлт зэргээс үүдэлтэй байдаг нь энэхүү арга хэмжээг эхлүүлэх үндсэн шалтгаан болсон гэнэ.
Монголын ирээдүй болсон хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд өсөж, төлөвших эрхийг баталгаажуулахын тулд энэ аянд нийгмийн бүх салбарын оролцоо зайлшгүй шаардлагатай аж. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагын үүрэг бус, харин нийгмийн хамтын хариуцлага болохыг цагдаагийн байгууллагынхан онцолж байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдийнхээ сэтгэл зүйн байдалд илүү анхаарал хандуулах нь гэмт хэрэг, хорт зуршил үүсэх үндэс суурийг таслан зогсооход хамгийн чухал гэнэ.
У.Сүрэн