Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг татварыг хүчингүй болгох асуудлаар олон нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх босгыг хангасан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд уг асуудлыг байнгын хороонд шилжүүлсэн ч өнөөдрийг болтол хэлэлцэхгүй байгааг шүүмжилсэн юм.
Энэ талаар тэрбээр “Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө татварыг нэмэхгүй гэсэн амлалт өгдөг. Гэвч Төрийн ордонд ормогцоо амлалтаа мартдаг. Бид цалингаасаа 45 хувийн татвар төлж байгаа. Үлдсэн мөнгөнөөсөө байр, машин авдаг. Дараа нь үүнийгээ томруулахаар болж, зарах гэхээр улс дундаас нь хоёр хувийн татвар авдаг. Энэ бол буруу. Хоёрдугаарт, иргэд ямар нэгэн хүндрэлтэй тулгараад байр, байшингаа зарахаар бас л хоёр хувийн татвар авч байгаа. Үүнийг хүчингүй болгоё гэхээр гишүүд иргэдийн саналыг үл тоож байна. Тиймээс уг асуудлаар би УИХ-ын дад дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна” гэлээ.
С.Уул