ГБХНХЯ, Геронтологийн үндэсний төв, Монголын ахмадын холбооныхон хамтран “Ахмад настанд туслах асрахуйн чиглэлээр сургагч багш бэлтгэх” сургалтыг өчигдрөөс эхлүүллээ. Салбарын яамнаас энэ онд ахмадуудын эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх, идэвхтэй насжилтыг дэмжих, эдийн засгийн чадамжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Үүний хүрээнд ахмад настны асаргааны олон хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжиж буйн нэг хэлбэр нь энэхүү сургалт аж.
Манай улсад жил ирэх тусам төрөлт буурч, цаашид ахмадуудыг гэр бүлийн хүрээнд асрахад хүндрэл үүснэ хэмээн албаныхан тооцжээ. Иймээс ахмад настанд туслах асрахуйн сургагч багш нарыг одооноос бэлдэн, тэд үндэсний хэмжээнд сурсан мэдсэнээ бусдад түгээн ажиллах аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчгүй өндөр настнуудад асрахуйн тусламж, үйлчилгээг сургагч багш нараар дамжуулан үзүүлэх юм.
Сонирхуулахад, монголчуудын дундаж наслалт нэмэгдэж, хүн амд эзлэх ахмадуудын хувь 2030 онд 11.9 болох гэнэ. Улмаар 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60 болон түүнээс дээш насныхан болох нь.
М.Гэгээ