Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Нийгмийн эрүүл мэндийн болон Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг гэмтлийн үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар практик сургалтад хамрууллаа. “Зөв дадал, зөв хүн, зөвхөн биднээс” уриатай тус сургалт нь сургуулийн орчин дахь хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшүүлэх зорилготой. Хамгийн гол нь аливаа эрсдэлд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар үзүүлэн ашиглан бодит туршилт хийлгэснээрээ онцлог байв. Эхний ээлжийн энэхүү сургалтад нийслэлийн 13, 184, “Монгени” болон “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн нийт 500 сурагчийг үе шаттай хамруулж, ГССҮТ-ийн Яаралтай тусламж, Дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагаатай танилцуулжээ. Тус төвийнхөн “Сургалтаар сурагчдад гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар олгосноос гадна сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэсэн. Гэмтэл бэртлийн үед тухайлбал, муляж, гипс, чиг тавих, боолт хийх, хахах үеийн тусламжийг хэрхэн үзүүлэхийг заасан. Үүний үр дүнд хүүхдүүд наад зах нь ослын үед гар, мөр мултарсан тохиолдолд ямар материалаар чиг тавьж боохыг мэдэж авлаа. Ерөнхийдөө хүүхдүүдийн насны онцлогт тохирсон арга, туршлага зааж, зөвлөмж өгч, үе тэнгийнхэнд нь дадлага хийлгэх байдлаар мэдлэг олгосон” гэв.
Ташрамд дурдахад, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн 1460 хүүхэд тусламж, үйлчилгээ авчээ.

О.Ундрах