Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооныхон шийдвэрлэжээ. Засгийн газраас тавдугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцуулж, гишүүдийн олонх дэмжив.
2024 оны зургаадугаар сард баталж, 2025 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан УИХ-аас энэ оны зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулсан юм. Гэвч уг хуульд оруулсан өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхийн зэрэгцээ уг хуульд заасан институцтэй зэрэгцээ бүтцүүд үүсэхээр байгааг Засгийн газраас байгуулсан ажлын хэсгээс тогтоожээ. Ийм нөхцөлд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг байгуулах нь чиг үүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл, бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Уг хуулийн төсөлд Багануур, Налайх дүүргийг эхний ээлжид улсын зэрэглэлтэй хот болгохоор зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг хангах гол зохицуулалтыг тусгасан байна. Харин орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын асуудлыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэсэн арга замд үндэслэн дараагийн шатанд үе шаттайгаар шийдвэрлэхээр тооцжээ. Ингэснээр Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорин, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хот байгуулахтай холбоотой УИХ-ын 2024 оны 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох аж. Түүнчлэн чиг үүргийн давхардал, хариуцлагын зааг, ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгасан гэнэ.
Л.Ням