“Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”-ноос сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хамгаалах асуудлаар өчигдөр төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгууллаа. Тус холбооны тэргүүн А.Энхбаатар “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг төр үл тоож байна. Бид үндсэн таван шаардлага тавьж буй. Үүнийгээ Засгийн газарт бичгээр хүргүүлсэн ч хариу өгөөгүй тул тайван жагсаж байна” хэмээв. Түүнчлэн сонсголгүй иргэдийг ажлын байраар хангах нэгдсэн стандартгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны дүрмийг батлахдаа сонсголгүй иргэдийг хөсөр хаясан, төрийн байгууллагууд дохионы хэлний хэлмэрчгүй тул мэдээлэл, үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг бусад иргэн тодотгов. 2023 оны арванхоёрдугаар сард сонсголын бэрхшээлтэй иргэд жагсаал зохион байгуулсан. Үүний дагуу 01/3436 тоот албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн ч бодитой шийдвэр гаргаагүйг мөн тэд дурдсан юм.
Д.Сэлэнгэ