Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа энэ сарын 2-нд дуусахтай зэрэгцээд түүний оронд хэн томилогдох бол хэмээн эрх зүйч, хуульчид анхааралтай ажиглах болсон. Шүүхийн тухай хуулийн 19.2.4-т “Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох” гэсэн заалтыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгч өчигдөр 16.30 цагийн үед зөвлөгөөнөө хийлээ. Тус шүүхийн 21 шүүгч дөрвөн цаг орчим зөвлөлдөөд ерөнхий шүүгчээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Цэндийн Цогтыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. Ерөнхий шүүгчийн албан тушаалд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлсэн аж.