Гадаад улсын 95 нас хүрч буй удирдагчийн эсрэг Америкийн шүүх хэрэг үүсгэв. Америкийн Хууль зүйн яам Рауль Кастрог буруутгах гэж байна гэх мэдээ тархсан нь Венесуэлийн Ерөнхийлөгчийг хулгайлсан үйлдлээ Вашингтон давтах гэж байгаа юм биш биз гэх бодол эрхгүй төрүүлсэн юм.
Нэгдүгээр сард явуулсан ажиллагааных нь амжилт толгойг нь эргүүлж, Иран руу дайрахад нөлөөлсөн чухал шалтгаан болсон ч исламын энэ БНУ-д бүх юм тэдний төлөвлөснөөр болсонгүй, түүгээр ч барахгүй дээд удирдагч Али Хаменейг нь хөнөөгөөд ч тусыг эс олов. Мадурог олзолсныхоо дараа Кубийг түлшний бүрэн хязгаарлалтад оруулахдаа Гавана томоохон буулт хийнэ, шулуухан хэлбэл, бууж өгнө гэж АНУ тооцоолжээ. Венесуэл, Мексик улс Кубад шатахуун нийлүүлэхээ больсон ч куба чууд тэссээр, тэгэхдээ хоногт гэрлээ 1-2 цаг асааж, эдийн засгийнх нь амьсгал тасардгийн даваан дээр очиж, аялал жуулчлалын салбар бүрэн зогсов. Оросын өгч буй нефть, Хятадын бэлэглэсэн нарны зай эрчим хүчнийх нь асар их гачигдлыг нөхөж чадахгүй учраас Кубийн удирдлага Америктай хэл амаа ололцохыг хүсэж байна. Гэхдээ тусгаар тогтнолоороо наймаалцахгүй, эрх мэдлээсээ татгалзахгүй. Яагаад гэвэл Кастро нар Кубийг 70 жил жолоодоход гуравхан жил дутсан юм. 2016 онд Фиделийг нас барахаар тус улсыг Рауль удирдах болсон. Гэхдээ үүнээс 10 жилийн өмнөөс тэрбээр улс орны өдөр тутмын удирдлагыг гартаа аваад байв. Сүүлийн таван жил албан ёсоор ямар нэг алба хашаагүй ч түүний нэр нөлөө, удирдах чиг үүрэг хэвээр байгаа тул одоогийн Ерөнхийлөгч Диас-Каннелийг огцруулаад зогсохгүй Кастрогийн гэр бүлийг ч цагаач луулахыг АНУ хүсэж байгаа аж. Энэ нь куба хүмүүсийн хувьд хэрхэвч үл хүлээн авах хувилбар гэлээ ч Вашингтон, Гавана хоёрын хооронд яриа, хэлэлцээ өрнөөд хэдэн сар болж байна.
Эхний үед энэ үйлдэл албан бусаар Мексикт болж байснаа саяхнаас ил тод болж Тагнуулын төв газрын (ТТГ) захирал Жон Рэтклифф Гаванад хүрч ирэв. Кубийн удирдагчийн ач хүү, хамгаалалтын албаных нь дарга, итгэмжлэгдсэн хүн 40 настай Рауль Гильермо Родригес Кастро түүнтэй уулзсан байна. Кубачууд зарим нэг буулт хийхэд бэлэн ч Америкийн шаардлагыг биелүүлэхэд тун хол нь ойлгомжтой. АНУын хүсэлтийн агуулга юу болох нь тодорхой, дэлгэрэнгүй мэдэгдэхгүй байгаа ч Кастрогийнхан эх орноосоо явж, Коммунист нам нь хязгааргүй эрх мэдлээсээ салж, тус улс руу Америкийн мөнгө цутгаж, Кубийн цагаачид АНУ-аас буцан ирж, эцэст нь Кубад Америкийн талыг баримталсан засаглал тогтоох бодолтой нь эргэлзээгүй. Кубийн одоогийн удирдлагаас хэн нь ч энэ бүхнийг хүлээж авахгүй. Тэгвэл Вашингтон юу хүлээнэ вэ. Өлөн зэлмүүн ард түмэн нь босож тэмцэхийг үү. Цэргийн хүчээр довтлох уу. Кастрог хулгайлах уу. Буруутгахад мэдээж шалтгаан хэрэгтэй. Тэгээд 1996 онд болсон нэгэн явдлыг нэхэн санасан нь Кубийн Агаарын цэргийн хүчин сөрөг хүчнийх нь цагаачид болон АНУ-ын иргэдийг зөөж байсан хоёр нисэх онгоцыг унагасан тохиолдол байлаа. Тэр үед Рауль Батлан хамгаалахын сайд байсан тул Америкийн шүүх хэрэгт татахаар шийджээ. Гаванаг Каракас шиг “ухаан мэдрэлгүй” мэт болгож, булаан олзолж авах бүлгээ Кубад аваачих ажиллагаа нь хохирол, чирэгдэл багатай бүтвэл, Кастрогийн бүх харуул хамгаалалтынхныг устгаж дөнгөлөө гэхэд түүнийг амьдаар нь баривчилж чадахгүй, янкуудын гарт орсноос амиа хорлосон нь Раульд дээр. “Эх орон, эсвэл үхэл. Бид ялна” гэх Фидель Кастрогийн үг Куба улсын албан ёсны уриа болсон төдийгүй дүүгийнх нь ч итгэл үнэмшил болжээ. Олзлогдсон ч Рауль ямар ч эргэлзээгүйгээр үхэхийг илүүд үзнэ. Өөрөөр хэлбэл, америкчууд зоргоороо авирладаг алуур чид гэгддэг нэрээ л батлахаас өөр юу ч олж долоохгүй.
1996 оны үйл явдлыг Кубийн Засгийн газар агаарын хилдээ нэвтэрсэнд өгсөн зүй ёсны хариу гэж үзэж, цэргийнхнийхээ хийсэн үйлдлийг хамгаалсан байдаг. Гэтэл олон улсын нисэх хүчний байгууллага болохоор онгоцнуудыг олон улсын усан хил дээгүүр явж байхад нь унагасан гэж дүгнэсэн юм билээ. 30 жилийн өмнөх энэ тохиолдлыг “АНУ-ын иргэдийг алах зорилготой хуйвалдаан байсан” гэж өнгөрсөн сарын 20-нд ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тоуд Бланш мэдэгдсэн байна. Түүгээр ч барахгүй 95 настай Рауль Кастрог өөрөө хэргээ хүлээж сайн дураараа “нүглээ наминчлахгүй” бол хүчээр АНУ-д авчирч шоронд суулгана” гэж тэрбээр хэлжээ. Кубийн цагаачдын хүү, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Кубийн удирдагч асанд ял тулгахаас өмнө хэлсэн үгэндээ кубачуудыг социалист удирдлагаасаа нүүр буруулахыг уриалжээ. Испани хэлээр бэлтгэсэн таван минутын бичлэгтээ “Ерөнхийлөгч Трамп АНУ, Куба хоёрын хооронд шинэ зам санал болгож байна. Гэтэл сайхан ирээдүй рүү чиглэсэн зам дээр хүн амаа дарлан мөлжиж, аливаа эсэргүүцлийг нухчин дарсан эрх баригчид чинь зогсож байх юм” гэсэн байв. Рауль Кастро сүүлчийн удаа тавдугаар сарын эхээр л олны өмнө гарч ирж байж. Тэгэхэд тэрбээр улс орноо орхиж явах, эсвэл Засгийн газар нь түүнийг гадагш гаргах гэх ямар нэг шинж байдал огт байгаагүй гэж “Reuters” тэмдэглэсэн байна.
Рауль Кастро нь Кубийн хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дүү бөгөөд 2015 онд Барак Обамагийн үед АНУ-тай түүхэн дотнослыг бий болгож, хожим нь Трамп түүнийг өөрчилсөн юм. Олон арван жил янз бүрийн удирдах албанд ажиллаж, 2018 онд бүрэн эрхээ шилжүүлсэн хүн. Бүс нутаг дахь холбоотон Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ баривчилж, дараа нь арлын улсад эрчим хүчний хязгаарлалт тогтоосноос хойш Вашингтон, Гавана хоёрын хоорондын байдал эрс хурцдав. Карибын тэнгис дэх уг арлыг хяналтдаа авахаар төлөвлөж буй хэмээн Дональд Трамп нэг бус удаа мэдэгдээд байгаа.
Фидель Кастрогийн дүү хэдэн арван жил Кубийн эрх мэдлийн гол хүн байснаа дэглэмд нь дарамт шахалт үзүүлэх нь нэмэгдэж, АНУ түүнд ял тулгаснаас хойш дахин анхаарлын төвд орж иржээ. Дарангуйлагч Фульхенсио Батистаг түлхэн унагаж, өнөө хүртэл оршин тогтнож буй тогтолцоог бий болгосон 1959 оны хувьсгалын нэг удирдагч нь Фиделийн дүү Рауль байсан юм.
Кастро нар Кубийн дорнод нутагт, газрын эзний гэр бүлд төрсөн байна. Фидель нь залуугаасаа хувьсгалт хөдөлгөөний улс төр, үзэл суртлын өнгө төрх нь болсон бол Рауль бүр эхнээсээ л илүүтэй цэргийн хийгээд зохион байгуулах ажилд зүтгэсэн аж. 1953 онд Монкада хуаран руу довтолж, Батистийн дарангуйллын эсрэг бослого гаргах гээд баривчилгаа, Мексик рүү хийсэн цөллөгөөр дууссан бүтэлгүй оролдлогод ах дүү хоёул оролцжээ. Мексикт очоод тэд мөн хөдөлгөөнөө өөрчлөн зохион байгуулж, Куба руу буцахаар бэлтгэв. 1956 онд тэд Granma хөлгөөс босогчдын багахан бүлэгтэй хамт аралд буухад аргентин үндэстэн Эрнесто “Че Гевара” хамт байжээ. Эхний өдрүүдэд босогчид ихээхэн хохирол үзэж, үлдсэн хэд нь СьерраМаэстра ууланд гарч партизаны дайн хийн хүн амын, тэр дундаа тариачдын болон хээл хахууль, Батистын дэглэмийн хэлмэгдүүлэлтэд дургүйцсэн нийгмийн давхаргын дэмжлэгийг хүлээх болов.
Дараагийн хоёр жил нь партизанууд цэргийн ажиллагаагаа улс төр, суртал нэвтрүүлэгтэй хавсран хийж, Засгийн газрын байр суурийг сулруулж байлаа. 1958 оны эцэс болоход арми нь сүйрч, дотоодын дэмжлэг авахаа больсноос Батиста улс орноосоо зугтан гарахад хүрчээ. 1959 оны нэгдүгээр сарын 1-нд хувьсгалт хүчин Гавана хотод нэвтрэн орж, ялалтаа бататгав. Засгийн эрх аваад Фидель Кубийн улс төрийн удирдлагыг гартаа зангидаж, эхлээд Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч байж улс орныхоо улс төр, эдийн засгийн тогтолцоог богино хугацаанд өөрчлөв. Хувьсгалт зэвсэгт хүчнийг удирдахыг Раульд үүрэг болгож, 1959 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдон уг албыг бараг хагас зуун жил хашжээ. Энэ албанд байхдаа Кубийн цэрэг, тагнуулын байгууллагын үлэмж хэсгийг үүсгэн бий болгож, тухайн дэглэмийн хоёрдугаар хүн гэгдэх болсон байна.
2006 онд Фиделийн бие муудахад Рауль Төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэж, хоёр жил өнгөрөхөд албан ёсоор уг албыг эрхлэх болов. Нэг намт засаглал хэвээр үлдсэн ч тэрбээр тус арлын бүтцийн хямралыг зөөлрүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хязгаарлагдмал цуврал арга хэмжээ авчээ. Түүний үед хувийн бизнесийн орон зай тэлж, хилийн чанад руу гарахад тавьсан хориг зөөлөрч, хүн ам интернет, гар утас хэрэглэх нь нэмэгдсэн байна. Түүнийг Ерөнхийлөгч байхад 2014 онд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама хоёул Вашингтон, Гавана хоёрын хооронд дипломат харилцааг ойртуулах түүхэн үйл хэргийг тэргүүлсэн байдаг. Ийнхүү Элчин сайдын яамдаа дахин нээж, хагас зуун жил дайсагналцсаны дараа дипломат харилцаагаа сэргээх боломж бий болсон юм. Ердөө хоёр жил өнгөрөхөд хоёр удирдагч Гавана хотноо түүхэн уулзалт хийж, энэ үйл явдлыг албан ёсоор баталгаажуулав. Харин Дональд Трамп Цагаан ордонд ирснээр энэ үйл явц олон талаар ухрав. Трамп эдийн засгийн хоригийг чангаруулж, Кубийг бүс нутаг дахь үзэл суртлын сөрөг тэмцлийн нэг төв болгож орхисон байна.
Рауль Кастро Ерөнхийлөгчийн суудлаа 2018 онд цахилгааны инженер Коммунист ажилтан Мигель Диас-Каннельд өгснөөр түүнийг 1959 оноос хойш Кубийн төрийг тэргүүлсэн Кастрогийн гэр бүлийн бус анхны хүн болгосон байна. Энэ сонголт Кастрогийн дэглэмийн хуучин гвардын байнгын хяналт дор ч гэлээ тогтолцооныхоо дотор үе солигдох чиглэлд хийсэн анхны алхам болж харагджээ. Эрх мэдэл Диас-Каннельд шилжсэнээр улс төрийн урьдын загвараас салах үйлдэл болсонгүй. Харин ч түүний удирдлагад үзэл суртлын болон тогтолцооны залгамж чанар хадгалагдан үлдэв. Коммунист нам голлох үүргээ хэвээр хадгалж, улс төрийн олон ургалч үзэл урьдын адил дутагдаж байна. Засаглалынхаа эхний жилүүдэд Коммунис намын нэгдүгээр нарийн бич гийн дарга гэдэг Кубийн тогтолцоонд 2021 он хүртэл бодит нөлөө бүхий албанд үлдээд байсан Рауль Кастротой улс төрийн тайзыг хуваан эзэмшиж байжээ
Дараа нь уг албанаас буусан ч Рауль Кастро хөшигний араас юуны урьд эдийн засгийн стратегийн хувьд ч ач холбогдолтой секторууд, чухал үүрэгтэй хувьсгалт зэвсэгт хүчин дэх эртний хэлхээ холбооныхоо хүчээр шийдвэрлэх нөлөөтэй хэвээр байв.
Шүүхээр далайлгаж, эдийн засгийн хориг тавьж, дипломат хязгаарлалт тогтоож, эрх баригч дээд хэсгийг нь олон улсын хэмжээнд мөрдөн шалгахаар заналхийлэх мэт Венесуэлийн Николас Мадурогийн эсрэг саяхан хэрэглэсэн стратегийг нь Вашингтоны одоогийн үйлдэл эрхгүй эргэн сануулж байна. Бараг 30 жилийн өмнөх үйлдлийн төлөө Рауль Кастрогийн эсрэг өдөөсөн “хэрэг” нь тэртэй тэргүй хурцдаад байгаа АНУ, Кубийн харилцааг эрчимжүүлж, Кастрогийн дэглэмийн түүхэн цөмийг сулруулах гэсэн Трампын оролдлогын тусгал болж байгаа юм.
Р.Жаргалант