Мэдээллийн технологи, программ хангамж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хайтечсолюшн” (Hitech solution) ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, эцсийн өмчлөгч С.Сайнбилэгийг нийтийн албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас 2023 онд улсын төсвийн 570 сая төгрөгийн өртөгтэй, Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын гүйцэтгэгчдийг шаардлагатай техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр хангах гүйцэтгэгчийг сонгох тендер зарласан байдаг. Гурван багц бүхий эл сонгон шалгаруулалтын нэгэнд нь “Хайтечсолюшн” ХХК ялж, гэрээ байгуулжээ. Ингэж ялахын тулд Ойн газрын нэр бүхий албан тушаалтнуудад С.Сайнбилэг 12 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж буй юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.51 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ -ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон гэнэ.