Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүлзүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэцөгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүлзүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж ,анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүлзүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхийл сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүйн эр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2015 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт тухайн үеийн “Ардчилал” сонины сэтгүүлч Б.Цэдэвсүрэн “Амар амгалангийн орныг холоос хайх хэрэггүй” сурвалжилга, “Хүүхэд “бүтээдэг” ээж” хөрөг нийтлэлээрээ шалгарсан юм.
Б.Цэдэвсүрэн
-Монгол тахийн сүрэг дунд өнгөрүүлсэн нэг өдөр-
Хаврын урь аль хэдийн орж, цас ханзраад эхэлжээ. Уулын хяраар цас нимгэрч, өөрийнх нь цаг хугацаа улиран одож байгааг чимээгүй хэлэх нь уйтай ч хүн, малын зоо тэнийсэн урин цаг айсуи гэж бодоход сэтгэлд таатай. Саяхан л цагаан нөмрөгөө хучин дүнхийж асан уулын энгэр бэл борлох нь сэрүүцэх гээд дээлээ сугалдаргалан алсыг хараачилж суугаа өвгөн аятай. Хадлангийн хөлөөс үлдсэн шар өвснүүд хэзээ нэгэн цагт өнгө зүсээ гайхуулан уул, талыг чимж байснаа сануулах гэсэн мэт хөлийн дор тэргүүнээ тэнгэр өөд чиглүүлэн ихэмсэг орших нь амьд бодгалийн тасралтгүй үргэлжлэх залгамжийг сануулна. Ирж яваа цаг гэж энэ дээ хэмээн нүдээрээ дарсан дүрслэлээ бодон бодон явсаар зорьсон газраа ирлээ. Бодол тэнэх ч завдал олголгүй цаг гаруйхан давхиад ирэх нь тэр. Анх Хустайн нуруу орж тахийн амьдрал сурвалжлах даалгавар авахдаа хаа хол аялах мэт төсөөлж байсан ч нийслэлээс баруун тийш 100 км хүрэхгүй газарт өдөртөө яваад ирнэ гэж бодоогүй билээ.
Монгол оронд тусгай хамгаалалттай 60 гаруй газар байдгийн 24 нь байгалийн цогцолборт. Харин тэр 20 гаруй газ раас цорын ганц төрийн бус байгууллага нь Хус тайн байгалийн цогцолборт газар. Улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй ч хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын бүс төдийгүй байгаль орчны онцлогоосоо шалтгаалаад томоохон судалгааны бааз болсон талаар өмнө сонсож байснаас нүдээр үзээгүй газраа хөл тавилаа.
Нийслэлээс гарахдаа л Хустайн байгалийн цогцолборт газрын дэд захирал Ц.Дашпүрэвтэй холбоо тогтоосон юм. Тэрбээр ярьсан ёсоороо биднийг угтлаа. Гадаадын жуулчдын цуваа тасардаггүй болохоор зочидтой байв. Үйл ажил лагаагаа танилцуулаад, Г.Ууганбаяр гэх биологич залууд биднийг дагуулж тахь харуулах үүрэг өгөөд өөрөө нийслэлийн зүг хөдөллөө.
БОЛОРЫН СҮРЭГ БИДНИЙГ УГТАВ
УИХын 1993 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгожээ. 50.6 ам км энэ нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго гээд 44 зүйл хөхтөн амьтан, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу, 16 зүйл загас, хоёр зүйлийн хоёр нутагтан, 385 зүйл шавж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, арван зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй нэгэн зүйл хөрсний шавж Хустайгаас шинээр олдож, “Epidamaeus khustaiensis” хэмээн нэрлэжээ.
Бидэнд газарчлах үүрэг авсан биологич залуу Хустайн байгалийн цогцолборт газрыг ийн бахархан танилцуулна. Гэхдээ юу юунаас илүү зорьж ирсэн тахийн сүргийг л харах хүсэл сэтгэл гижигдэж, ийш тийш хараачлан явлаа. Эрт цагт ганц Монгол оронд л амьдардаг байсан тахийн сүрэг байгальдаа устаж үгүй болохоос өмнө цөөн тооны унага барьж өндөр хөгжилтэй орнуудад гаргажээ. Тэр цагаачлагч тахийн үр удам амьтны хүрээлэнгийн үзмэр төдийхнөөр өдий хүртэл явж ирснийг буцаан татах төсөл хэрэгжүүлж, 1992 онд Голландаас 16 тахь Монгол руу тээвэрлэсэн ч замдаа саа таж, нэг тахь нь эндчихэж. Түүнээс хойш тэгш тоотой жилүүдэд таван удаа тээвэрлэж, 84 тахь энд нутагшуулжээ.
Аливаа амьтныг зэрлэгшүүлэхдээ зөөлөн хатуу суллах гэсэн хоёр аргаас сонголт хийдэг аж. Тал нутагт зэрлэгшиж амьдрах жамтай ч харь оронд хүнээс хамааралтай өссөн тахийг байгальд нь буцаан тавихдаа манайхан зөөлөн суллах аргыг сонгожээ. Энэ нь голын тохойд том хашаа бариад тэндээ хашиж, байгальд нь дасгасаар өдгөө сул чөлөөтэй тавьсан үйл явцыг нэрлэж буй. Тахь сүрэглэж амьдрах бай галийн зохицолдолгоотой учир өөрийн гэсэн газар нутагтай байхыг эрмэлздэг амьтан аж. Тийм ч учраас анх нутагласан газраасаа хол яв даггүй гэнэ.
Ийн ярилцаж явтал биологч “Зогс доо” гэв. Хаана юу харсныг нь мэдчих санаатай ийш тийш дэмий л бүлтэлзэн хараачилсан ч нүдэнд торох зүйл алга. “Tэp уулын орой дээгүүр бугын эвэр харагдаж байна. Харж байна уу. Цаана нь сүрэг буга хэвтэж байна” гэх нь тэр. Харааны бядаа дурангаар сэлбэж байж сая нэг тэртээ уулын орой дээгүүр сэрийх модны мөчир шиг зүйлийг олж харлаа. Өөртөө бол бугын эвэр гэж итгүүлж чадаагүй ч хөтчийнхөө амыг дагалаа. Цааш хөдөлж удалгүй бугатай уулын нөгөө тал руу өнгийсөн өндөрлөг дээр гарав. Үнэхээр сүрэг буга уулын урд оройгоор нарлан хэвтэх аж. Хөтөч залуугийн харааны чадварыг гайхан биширсээр цааш зам хороов. Харсан зүгтээ зааж, тэр юу вэ хэмээн биологичоор “нүд хийж” сониучирхан явсаар нэгэн уулын ар хяраар идээшлэх тахийн сүрэгтэй таарлаа. Биологич жаахан харснаа “Болорын сүрэг явж байна” гэв. 1992 оноос хойш Хустайн нуруунд нутагшсан 84 тахь өсөж үржээд өдгөө 318 болжээ. Тэд бүгд нэртэй. Биднийг угтсан хамгийн эхний сүргийн азарга нь Болор байв.
Холоос ч гэсэн тахийн сүрэг харсандаа баярлаж, дурангаар жаахан хараалав. Монгол адуунаас ялгагдах гойд зүйлгүй аж. Унаган дэл нь 20 смээс урт ургадаггүй, шингэн сүүлтэй, нийтлэг хул хонгор зүстэй байдаг ч бидэр, бараан хул, цайвар хул гээд гадна үзэмжээрээ заавал өөр өөр гэдгийг хөтчөөсөө сонсов. Тайван идээшлэх ч алсаас тэднийг ажих биднийг аль хэдийн анзаарчээ. Үе үе бидний зүг харна. Тахийн сүргийг бөөнд нь харчих ухааны юм бодож явсан надад нэг азаргатай найман тооны сүрэг харсан нь жаахан чамлалттай байв.
САЙХАНААГИЙН СҮРЭГТЭЙ ТААРАХ НЬ АЗ ЗАВШААН
Тахь сүрэглэж амьдардаг. Хустайн нуруунд 318 тахь байгаагийн 31 азарга өөрийнхөө сүргийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, 240 тахь сү рэг болж амьдардаг. Үлдсэн 78 азарга нь сүрэггүй амьдарч байгаа гэнэ.
Хустайн нуруунд байгаа сүргүүдийн толгойлогч болох азаргуудаас хамгийн сайн нь Сай ханаа. Тэрээр хамгийн олон гүүг сүрэгтээ авч, хамгийн олон жил хамт яваа.
Сайханаа арван гүү болон унага, даага нийл сэн 16 тахийг өөрийн сүрэгтээ нэгтгэж, хам гаалдаг. Түүний сүргийг жирийн хүн бай тугай биологичид жилдээ таван удаа харвал аз хэмээн бэлгэшээдэг байна. Учир нь тэрээр хүний хөлөөс зайдуу газраар нутаглаж, үргэлж нүүдэллэдэг аж. Тиймдээ ч сүргийнхээ бат бөх байдлыг хадгалж байгаа гэсэн.
Тахийн гүү урт насалдаг. Алтан гэдэг нэр тэй 24 настай гүү үр төл гаргаж, сүрэгтээ мэнд байгаа бол азарга 15 наслах нь цөөн гэнэ. Сүрэгтэй болох тэмцлээс шалтгаалж азарга урт насалж чадалгүй хорвоог орхидог байна. Тахь зэрлэг адуу хэдий ч гинетик янз байдлаа гайхалтай хадгалдаг амьтан гэдэг нь амьдралынх нь явцаас харагддаг аж. Учир нь цус ойртох үзэгдлээс байгалийн зөнгөөрөө л холуур явж чаддаг. Тахийн азарга хэзээ ч үр төлөө гишгэхгүй, нэг азарганы удам ч хоорондоо бүл болж сүрэглэхгүй. Тахь шүдлэн нас хүртлээ үндсэн сүрэгтээ өсөж хөрөвжөөд, гурав хүрмэгцээ “аав” азаргандаа хөөгдөж өөрийн бүлийг үүсгэхээр “амьдралд” хөл тавь даг хуультай. Байдсан гүүнүүдэд зовлон байхгүй. Өөр сүргийн азарга уухайн тас сүрэг тээ авчихна. Эсвэл сул яваа азарга өөртөө нэгтгээд хоёул сүрэг болно. Харин үрээнүүдийн хувь тавилан өөр.
Хураагаад сүрэг болгох “эзэнгүй” гүү тэр бүр олдохгүй тул ганцаараа таван нас хүртлээ зоргоороо хэсүүчилнэ. Долоо хүртлээ “гоонь” явдаг “сайн эрс” ч бий гэх. Чадал муутай нь нэгэн насаараа гүү хурааж чадалгүй явсаар гунигтайгаар нас барах нь ч байх. Гэхдээ сүрэггүй үрээнүүд дотроо “зохион байгуулалт” сайтай. Аз болж хөгшин азарга таарч буулгаж авч гэмээн гүүнүүдийг нь үрээн сүрэг дотроо насаар хамгийн ахмад нь өөрийн болгодог журамтай. Бас тийм амар мөчөөгөө тавихгүй, шөрмөстэй өвгөн азаргатай учирвал гүүгээ ижил тоогоор хувааж аваад тэмцлээ дуусгах ёс ч тахийн ертөнцөд байна. Тахийн азарга нэг “дурласан” гүүгээ заавал салгаж авч байж санаа амардаг аж. Нэг азарга өөр сүргийн дөрвөн гүүг хэдэн жил анасаар байгаад салгаж авч эзэн сууж байсан тухай ч хөтөч маань хуучиллаа.
Гэхдээ тахийн азарга бол хамгийн харгис “хойд эцэг”. Булааж авсан гүү нь хээлтэй ирвэл нялх унагыг төрсөн даруйд нь хорооно, эхийгээ дагаж ирсэн унага ч “хойд аав”ын зуулт дор нүд аньдаг жамтай. Хэрэв эм унага төрвөл амьд үлдэх магадлалтай. Хойд эцэг эм унагыг сүрэгтээ өсгөөд хожим үржлийн нас нь гүйцэхээр гишгиж гүүгээ болгодог байна. Зарим хөгшин гүү хээлтэй байхдаа өөр азарганд ирвэл төрөх цагаа дөхүүлээд шилэрч, сүргээсээ тасарч холдоод унагалдаг байна. Учир нь тахийн азарга дөнгөж төрсөн нойтон унагыг ганцхан үнэрлээд өөрийнх нь үр төл мөн, бишийг ялгаж чаддаг бол хуурай унагыг үнэртээд зөн совин нь төөрөлддөг аж. Гэхдээ сүргээсээ тасарч явсан гүү унагаллаа ч мэнд үлдэх нь ховор байдаг гэнэ. Үгүй ядахдаа л хээрийн нохойтой нүүр тулбал нялх биетэй гүү унагаа хамгаалж чадалгүй хүчин мөхөсдөх.
Хүч чадал маруухан ч мэх залиар сүрэгтэй болдог нарийн арга азаргануудад бас байна. Нэгэн удаагийн тулаанаар Мангир хэмээх азарга хаандаа хүнд шарх авчээ. Гүү хураах найдвар ч тасарч, хүч тэвээрэг нь муудсан байна. Түүнийг явж байтал Нарстай, Маргад хоёрын хооронд бөөн тулаан үүсэв гэнэ. Хоёр азарга ноцолдож улайраад сүргээ ч умартаж, хөөцөлдсөөр арилж өгчээ. Энэ завсар Мангир нэгийнх нь сүргийг хурааж аваад бартаа дагуу лан хөөсөөр холдуулж өөрийн болгож, гэр бүл үүсгэсэн нь тахь сүрэгтэй болох тэмцлээ зөвхөн хүч чадлаараа хийдэггүйг харуулж байгаа талаар хөтөч сонирхуулан ярьсан юм.
Сүргээ алдаад шархдаж хоцорсон азарга тэнхрэхээрээ сүргээ буцааж авах тулааныг ганцхан л удаа хийдэг аж. Ингэхдээ амиа алдах, эсвэл сүргээ булаалгасан азаргын амийг авах тулаан л хийдэг байна. Энэ мэтээр тахийн сүргийн өөрийн үр удмыг үлдээх байгалийн хатуу жам үргэлжлэх авай.
“БОСС” ГҮҮ ТАЙВАНААГИЙН СҮРЭГ ДУНД
Хустайн замаар өмнө бол том машин ч хэцүүхэн урагшилдаг байсан бол өдгөө харин ч шулуун болжээ. Шороон замын хажуугаар хэсэг яваад л замаас гарахыг хориглосон тэмдэг байх. Энэ газар нутагт мөрдөх ёстой хамгийн чухал дүрэм. Учир нь машины нэг л явсан зам салхи, цас, бороонд идэгдсээр хэдхэн жилийн дотор л хагарч, гуу жалга болон хувирдаг гэнэ.
Ийн цааш явсаар ойрхон идээшлэх хоёр ч сүрэгтэй таарлаа. Машинаа тэдний нүднээс далдхан газар орхиод сүрэг рүү дөхөв. Тахийн сүрэг биднийг ажсаар. Чигээ буруулан бага ба гаар дөхөх тусам азарга нь чихээ хул ма гануулан сүр гээ захална. 50 орчим метр дөхсөндөө баяр лаж, дороо сууж сүргийг ажингаа элдвийг ярилц лаа. Энэ хоёр сүрэг бол Ника болон Та ка гийнх. Ойр бэлчдэг эвтэй цөөн сүргийн нэг.
Такагийн сүргийн “босс” гүү нь Тайванаа. Тэрээр хээлтэй, удахгүй унагалах нь харваас илт. Тахийн азарга өөрийн сүргээ бусдаас хамгаалах тэмцэлтэй үргэлж нүүр тулдаг бол гүү нь ч “хайртай” азаргаа өрөөлд алдах тун дургүй. Нас ахисан хойноо ч азарга нь өөр гүү хурааж ирээд гишгэх гэвэл “их хатан” азаргаа шинэхэн “амраг” дээрээс нь өшиглөөд л унагаж орхидгийг биологичид анзаарчээ. Сүрэг дотор манлайлж явдаг гүү бас бий. Тахийн бүл үүгээрээ “жендерийн тэгш байдал” сайтай бололтой. Эрх дархтай “босс” маягийн, эсвэл нас хөгширсөн гүү дахин төллөж чадахгүй бол бусад гүүний нялх унагыг булаан ивээлдээ авч, хоосон дэлэнгээ үлгүүлсээр харангадуулан үхүүлж орхидог явдал нэг бус гарчээ.
Ийн сонирхолтой яриа дэлгэж суутал нэг мэдэх нь ээ хоёр сүрэг бидэнд дасаж, тайвширсан бололтой илүү ойртон ирж, идээшлэх аж. Ника азарга уур савссан хомоолоо үнэртэнэ. Энэ нь өөрийн газар нутгаа тунхаглан зарлаж байгаагийн нэг хэлбэр аж. Ер нь устай болон хужир тавьж өгдөг газруудын ойролцоо хүн бөөгнүүлсэн мэт бөөн хомоол байх. Хөтөч түүнийг заагаад “Энд ямар ч эм тахины хомоол байхгүй” хэмээн баталлаа. Учир нь ус руугаа ирсэн сүргийн азарганууд давхарлан хомоолоо гаргаж, өөрийн газар нутгаа тунхаглаад буцдаг гэнэ.
Нэг сүргийнхэн хоорондоо их эвтэй аж. Нэгнийгээ шүдээрээ хазалж, маажиж өгнө. Ингэхдээ зулгарсан үсийг нь хормын дотор л залгиж орхино. Биологич энэ талаар яриад ямар нэг эрдэс бодис байх гэсэн таамаг дэвшүүлж, одоо хэр нь судлагдаагүй хэмээн ярив. Удалгүй Така сүргээ дагуулан явж одлоо. Харин Никагийн сүрэг биднийг ажингаа тайван идээшлэх аж. Цас хялмаалж, бидний ч хөдлөх цаг болов.
ТАХИАР ДАМЖУУЛАН НЭРЭЭ ДЭЛХИЙД ДАНСЛАХ БОЛОМЖ
Гадаад нэртэй тахь олон байхын учир нь жуулчид тахийг хамгаалах санд 110 ам.доллар хандивлаад нялх унаганд өөрийн бодсон нэрээ хайрлаж болдог аж. Дэлхий дээр хоёр мянга гаруй тахь нэгдсэн бүртгэлтэй. Хэрэв та шинэхэн төрсөн унаганд нэр өгвөл таны өгсөн нэрээр тэр унага дэлхийд данслагддаг гэнэ.
Холливудын нэрт жүжигчин Жулиа Робертс Монголд ирээд буцахдаа дөнгөж төрөөд цасан дээр унаад зүүн чих нь хөлдөж хулайсан өхөөрдөм унаганд Мөнхсанаа хэмээх нэр хайрлаад буцжээ. Мөнхсанаа хожим мундаг азарга болсон ч сүргийн төлөөх тэмцлээс болж өнгөрсөн жил амиа алджээ.
ХУСТАЙ ТАХЬТАЙ БОЛСОН НЬ
Өдгөө өсөж үржүүлэхээр гадаадаас эргүүлэн татсан зэрлэг адуу болох тахь Монголд нэг үе элбэг байсныг Тахийн шар нуруу, Тахийн тал гэх нутаг усны нэрс гэрчилнэ. Гэвч XIX зууны сүүлч, өнгөрсөн зууны эхээр гадаадын жуулчдын нүдэнд зэрлэг адуу өртөж, Европын амьтдын хүрээлэнд барьж өгөх нэрээр олноор алж устган 19301940өөд оны үеэс тахийн сүрэг бараа сураггүй болж улаан номын баатар болжээ. Тахь анх Европт өөрсдийнх нь тухай зарласан Оросын жуулчин Прежевальскийн нэрээр овоглуулан олны танил болж. Буурал тивийн амьтны хүрээлэнгийн баян эзэд ангийн хорхойтнуудад буу агсуулан Монголын говь руу илгээж, тахийн унага барьж ирэхийг уралдан даалгадаг болсон ажгуу.
Зэрлэг адууны унага барих нь амар ажил биш тул сүрэг, сүргээр нь хядан говийн хөрсийг тахийн цусаар будаж байсан цаг хүмүүсийн ярианд одоо ч амилсаар. Сүргийг задлах гэж азаргыг нь буудна, унагаа харамласан гүүгээр дараа нь бууны амаа мялаана. Тэгээд өнчирч хоцорсон нялх унагыг тэр цагийн хурдан гэх унаагаар хөөн бахардуулж унагаад өөрийн болгодог байсан гэх. Европт хүргэх гэж машин, галт тэрэг юүлэн олон хоног явахад мөнөөх унагануудын дийлэнх нь зуурч үхдэг ч байжээ. Ингээд Тахийн тал, Тахийн шар нуруу зэрлэг адууны нэр зүүсэн зэлүүд нутаг болон хоцорчээ. Хулан, тахь гээд хоёр ч төрлийн зэрлэг адуу байх ч зэрлэг илжиг болох хуланг бус, монгол адууны өвөг болсон тахийг л тэгж эх нутагт нь туурайн мөргүй болгосон гунигт түүхээс хойш олон жил өнгөрч, билгийн тооллын бүтэн жаран, аргын тооллын нэгэн зуун, нэгэн мянган солигдов.
Тахийн туурайн мөргүй он жилийг тал нутаг үдсээр. Хустайн нуруу бүү хэл, Монголыг тахьтай болгосон ачтан нь Голландын тэр бумтан Ян Боуман. Тэрбээр авааль гэргийгээ бие барснаас хэдэн жилийн дараа 50 гаруй насандаа 27 настай Инга бүсгүйтэй гэрлэжээ.
Өнгөрсөн зууны 70аад оны эхээр юм байх. Шинэхэн хос бал сараа тэмдэглэхээр Францыг зорьж, Парис хотын нүд булаам газруудаар аялж яваад амьтны хүрээлэнгээр ороход тахь гэж хэлэхэд хэцүү болсон өрөвдмөөр адгуус умгархан жүчээний цементэн шалан дээр ноолорч, өлссөндөө модон баганын холтос мэрж байхыг харжээ. Хаанаас угшилтай амьтан болохыг нь ноён Боуман асууж сурсаар Монголын говиос барьж аваачсан тахийн удам болохыг мэджээ. Эндээс л тахийг эх нутагт нь аваачиж, хээрийн салхинд дур зоргоор нь давхиулах хүсэл төрсөн гэдэг. Тэгээд болоогүй ээ, 19751990 онд тахь шилжүүлэх бэлтгэлээ хийж “Тахь хамгаалах сан’’ байгуулжээ,
Ноён Боуман хувийнхаа хөрөнгө зүтгэлээр тахийг эх нутагт нь суурьшуулах буянтай ажлыг эхлүүлж, өдгөө ч гэргий Инга Боуман нь нөхрийнхөө үйлсийг залгамжилж, байгаль, экологийн чиглэлээр сурдаг нэг оюутанд жил бүр тэтгэлэг олгож, 20 мянган ам.долларыг Хустайн цогцолборт газарт илгээдэг ажээ. Ноён Ян Боуман 1990ээд оны дундуур насан өөд болохдоо “Сүүлийн хүсэл минь биелсэн газарт намайг нутаглуулаарай” хэмээн захижээ. Тэр ёсоор түүний чандрыг Хустайн орчимд өргөсөн нь одоо Боуман толгой хэмээн нэрлэгджээ. Ийн тал нутгийн зэрлэг адуу болох тахь нутагтаа ирсэн түүхтэй.
АМАР АМГАЛАНГИЙН ДИВААЖИН
Нар хэвийж сэрүү орох нь тэр. Буцах замд согооны сүрэгтэй таарлаа. Өдийд буга, согоонууд тус тусдаа сүрэглэж байгаа аж. Тахийн сүрэгтэй найрсагхан холилдож бэлчих согооны сүрэг амгалан идээшилнэ. Хэсэг харж мэлмийгээ баясгаад цааш хөдөлбөл бугын сүрэгтэй таарав. Хөтөч харсан даруйдаа тоолоод 34 буга байгааг илтгэлээ. Түүний харааны чадалд бүрэн итгэсэн би давтаж тоолох ч гэсэнгүй. Ясан эвэр нь гүйцэт боловсорсон бугын сүрэг холоос ч сүрдмээр харагдана. Үүнийгээ ч мэдсэн мэт дүүхэлзэнхэн тайвнаар идээшлэх аж.
Хустай нуруунд тахиас гадна ан амьтан, араатан жигүүртэн, өвс ургамал элбэг гэдгийг дээр дурдсан билээ. Буга, согоо модтой ууланд нутагладаг. Харин цагаан зээр тал хээрээр гэр хийнэ. Гэтэл модтой уул ч хомс, тал хээр ч үгүй газар энэ амьтад зөнгөөрөө ирж нутагшжээ. Хулгайн ан газар авсан энэ үед амьтад хүртэл амиа хамгаалан, өөрсдийн амьдрах орчноо сольсон нь гайхмаар. Хустайн уулын хээрийн бүсэд өндөр уул, тал хээр, говь цөл, ойн амьтан, шувуу гэсэн таван зүйлийг нэг дор харж болох гайхалтай тохиол бүрдээд байгаа аж. Ингээд харахаар Хустайн байгалийн цогцолборт газар ан амьтдын хувьд амар амгалангийн диваажин болой.