ХӨСҮТ-өөс менингококкийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийв. Тус төвийн Томууны үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан “2025 он гарснаас хойш менингитийн нэг тохиолдол бүртгэгдэж, нас барсныг та бүхэн мэдэж буй. Өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй хоёр хүүхдийг өдгөө ХӨСҮТ-ийн хяналтад, хэвтүүлэн эмчилж байна. Шинжилгээний хариу энэ сарын 4-6-нд гарна. Цахилгаан менингит буюу менингококкцеми өвчнийг үүсгэгч нь агаар дуслын замаар халдварладаг. Бүртгэгдсэн нийт өвчтөний 80-85 хувь нь дөрөв хүртэлх насныхан. Тиймээс ялангуяа энэ насны хүүхдүүдийг үнсэхгүй, ам дамжуулан хооллохгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Менингит нь ихэвчлэн дуслын замаар халдварладаг учраас тухайн өвчтөнтэй хамгийн ойр харилцдаг гэр бүлийнхэн, ангийнхан, хамт олон нь халдвар авах эрсдэл илүү өндөр аж. Түүнээс биш ханиад, томуу шиг хурдацтай тархдаггүй, өвчтөнтэй нэг гэрт амьдардаггүй, нэг ангид суралцдаггүй бол эрсдэл бага гэдгийг эмч нар хэлсэн. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургуулийн нэг ангид менингококкийн халдвар илэрвэл тухайн объектыг л тусгаарлаж, тархвар судлалын заалтаар голомтын ариутгал хийн, ойрын хавьтлуудыг илрүүлэн, шинжилгээнд хамруулдаг байна. Менингитийг үүсгэгч нь ам, хоолойд 2-8 хоног амьдрах чадвартай тул уг нянг илрүүлэхдээ залгиураас арчдасын шинжилгээ авдаг гэв.
Менингококкт халдвар олныг хамарсан уу, сургууль, цэцэрлэгт тархсан уу гэдгээс хамаарч дархлаажуулалтыг хийдэг байна. Харамсалтай нь, манай улсад уг өвчний дэгдэлт гарсан тохиолдолд олныг хамруулсан дархлаажуулах вакцин байхгүй гэдгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Уг өвчний нэг төрөл болох вирусний шалтгаантай халдвараас сэргийлэх вакциныг нэг хүртэлх насныханд товлолоор хийдэг. Харин нянгийн гаралтай цахилгаан менингитээс сэргийлэх тарилгыг 2024-2025 онд улсын хэмжээнд оруулж ирээгүй гэнэ. Тиймээс ХӨСҮТ, ЭМЯ, ДЭМБ-ынхан хамтран эхний ээлжид голомтын халдварын үед хийх вакцин захиалаад буйгаа мэдээллээ. Мөн бүх шатлалын эмнэлгүүд тусгаарлах өрөө гарган, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа аж. Ташрамд дурдахад, менингококкийн нян нь 30-35 хэмд үрждэг тул ам, хоолойн орчныг байнга өөрчилж, халуун, бүлээн шингэнийг хүүхдэд тогтмол уулгахыг зөвлөв.
О.Ундрах