Та нийгмийн харилцаанд оролцохдоо зарим тохиолдолд ичих, санаа зовох мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, түүндээ тулгуурласан сонголт хийж, шийдвэр гаргадаг уу. Өөрийн хийсэн буруу үйлдэл, жижиг гэлтгүй алдаандаа гэмшиж, түүндээ тохирсон шийтгэлийг оноож чаддаг уу. Миний буруугаас болж хэн нэгэн хохирох вий гэж сэтгэл зовних, гэмших үе тохиодог уу. Буруу хэрэг үйлдсэн хэн нэгний өмнөөс ичих, санаа зовох мэдрэмж зарим үед төрдөг үү.
Хэрэв та дээрх дөрвөн асуултын аль нэгэнд нь эргэлзэх зүйлгүйгээр “тийм” гэж хариулсан бол хүнлэг чанараа алдаагүй байна гэсэн үг. Харин хоёрт нь ингэж хариулсан бол хүнд байх ёстой эрхэм, сайн сайхан чанар болох ичих мэдрэмж танд зохистой хэмжээнд бий аж. Харин 3-4-т нь “тийм” гэсэн хариулт өгсөн тохиолдолд та өөрийгөө онцгой хүн гэж үнэлж болох нь. Таны дотоод сэтгэл энэ хэмжээгээр үнэнч шударга, цэвэр ариун байна. Сэтгэл судлаачид хүний сэтгэл хөдлөлийн илрэл, түүнээс үүдэлтэй мэдрэмжүүдийн нэг болох ичиж эмээх үйл, цаашлаад ёс зүй, ёс суртахууны түвшнийг үнэлэхдээ үйлчлүүлэгчдэдээ дээрх асуултуудыг тавьдаг гэнэ. Та ч үүнд хариулж, өөрийгөө хэн болохыг шинжээд үзээрэй.
Магадгүй та “ичих булчирхайгүй амьтан”, “ичих нүүрэндээ илэг наасан хүн” хэмээх үгийг байнга сонсож, өөрөө ч бусдыг ийн хэлдэг, боддог байж болох юм. Гэхдээ та өөрийнхөө дотор луу өнгийж, ичиж зовох мэдрэмжээ эрж хайж үзсэн үү. Орчин цагийн хүмүүст хамгийн их дутагдаж, үгүйлэгдэж буй зүйл нь “ичих булчирхай” болжээ. Ичиж эмээх мэдрэмж нь буруу булхайд дасаж дадахаас, алдаа гэмээ дахин давтахаас сэргийлэх ухамсрын хөшүүрэг болж байдаг гэнэ. Тиймээс үүнийг алдаа оноо, зөв бурууг тэнцвэржүүлэгч гэж үздэг. Монголчууд эртнээс ичгүүр сонжуургүй хүнийг эрээ цээргүй гэж жигшиж иржээ. Ичиж зовохгүй байх нь ёс журмаа, хүнлэг чанараа алдах, хамаа намаагүй болох эхлэл гэж үздэг байж.
Эртний уран зохиол, сургаал үгийн судруудад “Өөрийгөө хүндэлдэг хүн ичих нүүртэй байдаг”, “Ичих нүүрэндээ илэг наасан нэгэн рүү харах нь нүүр нүдгүй зодуулсан хүн рүү харахаас ч халшрам”, “Буруу хэрэг үйлдсэн хүн нэг буруутай байдаг бол хийсэн гэмээсээ ичдэггүй хүн хоёр дахин буруутай”, “Ичих булчирхайгүй бол ямар ч ид хав, эрдэм чадалтай байгаад тусгүй”, “Буруу булхай зүйл хийсэн нэгний өмнөөс яс хавтайж, хөлс цутгаж, ар нуруу чинь арваганаж байвал хүн чигээ алдаагүй байгаагийн шинж”, “Ичгүүр сонжуургүй аашлагчдыг оройдоо залбал эрээ цээр, эмх замбараагаа алдана” гэхчлэн бичсэн байдаг нь ичиж эмээх мэдрэмж хүнд хэчнээн чухал болохыг илтгэж буй юм. Тэгвэл одоо юу өөрчлөгдсөн бэ? Ичих нүүр, энэрэх сэтгэлгүй хүн энэ цаг үед үнэхээр олширсон уу? Эсвэл бид л нэгнийгээ илүү их шүүж, шоглоод, түүнийгээ ил тод илэрхийлээд байна уу? Тунгаан бодох, тогтож анзаарах сэхээгүй амьдралын хэмнэл бидний төрөлх зан чанар, мэдрэмжийг үгүй хийсээр төмөр робот шиг болгож орхив уу? Зарим хүний хэлж буйчлан сошиал сүлжээ л энэ цагийнхны муу муухай зан авир, дүр байдлыг илүү тодоор гаргаж ирээд байна уу?
Үүнийг хувь, коэффицентээр нарийн хэмжиж, тодорхойлох боломжгүй ч ичих булчирхайгүй, эрээ цээргүй аашлагчдын үйлдэл хэрээс хэтэрснийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Оксфорд, Кэмбриж, Мельбурний зэрэг дэлхийн топ их сургуулиудад зочин судлаач, багшаар ажиллаж байсан нэгэн антропологич “Хүн гэм хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Ингэж байж өөрийнхөө болон бусдын өмнө гэмших, алдаа оноогоо ухаарах, дахиж хазгай буруу гишгэхгүй байх зам нээгддэг. Тиймээс монгол соёлд аливаа хэргийг хүнээр өөрөөр нь хүлээлгэдэг байсан юм. Хүлээхгүй тохиолдолд тамлаж, залхаан цээрлүүлэх байдлаар хэргийг нь яаж ийгээд илчлүүлдэг. Хүн улайлгана гэж ярьдаг байсан. “Чи ийм буруу зүйл хийсэн учраас чамайг ингэж шийтгэж байна” хэмээн улаан нүүрэн дээр нь үнэнийг хэлж, улайлгадаг. Харин одоо монголчууд хүн улайлгах нь байтугай нүүр лүү нь эгц харж хатуухан шүүмжилж ч чадахаа байсан. Хүнийг дам байдлаар шүүмжилж, шийтгэх гэж оролддогоос биш, улаан нүүрэн дээр нь үнэнийг хэлж чаддаггүй. Үүний үр дүнд худал хэлэх, хулгай хийхийг юман чинээ тоодоггүй, ёс зүй, ёс суртахууны доголдолтой хүн нийгэмд олширсон” хэмээн ярьсан юм.
Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл ч монголчууд ёс суртахууны хувьд өөрсдийгөө танихгүй болтлоо ялзарсны гол шалтгаануудын нэг нь ичих эмээхүйгээ “гээж”, эрээ цээрээ алдсантай холбоотой гэж өгүүлсэн байдаг. Ялангуяа төрийн албанд ажиллаж буй, өндөр хариуцлага үүрсэн хүмүүс ичиж эмээх ёсыг мэдэхгүй, эх захгүй авирлах болсонд тэрбээр шүүмжлэлтэй ханддаг. “Ямар ч хүн ичихүй, эмээхүй зантай байх хэрэгтэй. Хүн аав, ээж, ахмад настнуудаас эмээдэг шигээ төрийн албан хаагч ард олноосоо эмээж явах ёстой. Ажил, албаныхаа нэр төрд сэв суулгах вий гэдэг үүднээс биеэ үргэлж цэгцтэй авч явах нь чухал. Хар толгой дээрээ ирэх хариуцлагыг урьдчилан харж, ичиж эмээж явах учиртай. Төрийн албан хаагчид энэ бүхнийг ухамсарлахгүй, төрөл арилжсан юм шиг авирласны эцэст мөрдлөг, байцаалт, шорон, гяндан руу яваад дуусцгаадаг” гэж дурдсаныг энд онцолъё.
Ичих булчирхайгүй, эрээ цээргүй аашлагчид хэрхэн “галзуурч” буйг бид энэ цаг үед тод томруун харж байна. Парламент, Засгийн газрын гишүүдээс эхлээд яам, агентлагийн дарга гээд төрийн бүх шатны байгууллагынхан үүнийг оройлж буй. “Нийт иргэн, улсынхаа эрх ашгийг эрхэмлэж, хууль ёсыг дээдлэн сахиж, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлнэ” гэж төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хууль тогтоогчид ичиж улайхгүйгээр хэрхэн хулгай хийж, худал хэлж, сонгуулиас сонгуулийн хооронд “амь зогоосоор” байгааг бид харж ханалаа, энэ байдал нь ч хэвийн үзэгдэл боллоо. Цаашлаад нийгмийн бүх салбар, давхаргад ичих зовохыг мэдэхгүй, эрээгүй аашлагч улам олшров. Хамгийн ёс зүйтэй байх ёстой гэгддэг шинжлэх ухаан, боловсролын салбар нь хүртэл худалч, хулгайч, хууран мэхлэгчээр дүүрлээ. Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд энэ бүхэн хэрхэн нөлөөлөхийг төсөөлөхөд бэрх.
Ичих булчирхайгүй хүн энэ цаг үед яагаад олшров. Орчин цагт ичгүүргүй байдлыг эр зориг, өөртөө итгэлтэй зан чанартай андуу ойлгож, өөгшүүлэн дэмждэг явдал нийгэмд гаарсныг сэтгэл судлаачид хэлж байна. Үүнд нийгмийн сүлжээ чухал үүрэг гүйцэтгэж буй гэнэ. Цахим орчинд элийрч, ёс бус аашилдаг, ичгүүр сонжуургүй хүмүүсийг идэвхжүүлэн дэмждэг хэсэг бүлэг байхад тэр бүхнийг нь шууд хүлээж авдаг, даган дуурайдаг, нөлөөлөлд автдаг нь ч цөөнгүй аж. Хүн аливаа зүйлийг олон удаагийн давтамжтай хүртэж, хүлээн авах тусам түүнд автах магадлал өндөр байдаг тухай МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш А.Баярхүү онцолжээ. Тэрбээр “Ичнэ гэдэг нь хувь хүний төлөвшил, ёс суртахуунтай салшгүй холбоотой. Бие хүнийхээ хувьд өөрийгөө бодитоор олж хараагүй, хөгжөөгүй, нийгэм, орчны нөлөөлөл, сэтгэл зүйн байдлыг мэдэхгүй бол ичгүүрийн талаар бүрэн ухамсарлах боломжгүй. Зарим үед хүн ямар нэгэн зүйлийг ичиж эмээхгүйгээр илэрхийлж болно. Хамгийн гол нь нийгмийн амьдралд өөрийн гэсэн хэм хэмжээ, ёс суртахуун, хууль дүрэм байдгийг санаж, түүнд зохицох хэрэгтэй. Хүний зан үйлийг өдөөгч гол хүчин зүйл нь эргэн тойрныхон нь байдаг. Тиймээс ичгүүр сонжуургүй аашлагчдыг ямар нэг байдлаар дэмжиж, “идэвхжүүлэхгүй” байх нь чухал” гэсэн юм. Тэгэхээр бид ичих булчирхайгүй, эрээ цээргүй аашлагчидтай тэмцэхийн тулд өөртэйгөө илүү сайн ажиллах, аливаа зүйлд шүүлтүүртэй, дархлаатай хандах хэрэгтэй аж. Уг нь ичиж эмээх гэдэг бол хүнд байгалиас заяадаг сэтгэл хөдлөлийн суурь мэдрэмж. Гагцхүү энэ цагийнхан л үүнийг үгүй хийж, “үнэд оруулсаар” байна.
Н.Мишээл