Манай улсад ойрын жилүүдэд барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжих төлөвтэй. Засгийн газраас хэрэгжүүлж буй Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр, Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Шинэ дэд төв” санаачилга, нийслэлийг 14 хотод хувааж, дэд бүтцийг нь тэлэх зорилготой шийдвэрүүд үүнд “үнэтэй” хувь нэмэр оруулах нь дамжиггүй. “Өнгөрөгч онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлсэн. 2024, 2025 оны барилга угсралтын ажлын үр дүнд зах зээлд 66.4 мянган айлын орон сууц нийлүүлэх тооцоо бий” гэсэн мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өглөө. Зөвхөн дээрх хөтөлбөрийн хүрээнд гэхэд жилд дунджаар 30 орчим мянган өрхийг орон сууцжуулах зорилт тавиад буй.
Зургаан дэд төвийн нэгийнх нь хүрээнд л 10 мянган айлын орон сууц барихаар эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг нь зарласан. Тэгэхээр ирэх жилүүдэд Улаанбаатар бүр л “ширэнгэжиж”, улам чигжүү болно гэсэн үг. Эрүүл, аюулгүй, бохирдолгүй орчин, ногоон байгууламж, дэд бүтцийн хүртээмж гээд хэт төвлөрлөөс үүдэлтэй бэрхшээлүүд ирээдүйд одоогийнхоос ч хурцаар хөндөгдөж болзошгүй. Гэхдээ үүнээс түрүүнд анхаарал татаж, санаа зовоосон өөр нэг асуудал буй нь цахилгаан, дулааны хангамж юм. Ийм олон барилга, байгууламжийг төвлөрсөн хангамжид холбох боломж бололцоо бий юү, холболоо гэхэд тэдэнд тасралтгүй нийлүүлэх нөөц байгаа юу.
Орон сууцын санхүүжилттэй холбоотой судалгаа хийсэн Санхүү, эдийн засгийн их сургуулийн нэгэн багш “Манай төр засаг өнгөрсөн хугацаанд олдсон зай талбай болгонд орон сууц барихыг л зорьж ирснээс биш, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээгээ өргөтгөх, сайжруулахад ер анхаараагүй. Нөөц, хүчин чадлаа харгалзахгүйгээр баахан барилгын зөвшөөрөл олгоод байдаг, эцэстээ орон сууцууд нь шинээрээ царцах эрсдэл нүүрлэх вий” хэмээн анхааруулсан удаатай. Гэтэл энэ эрсдэл бидний хажууд, хамар дор хэдийн ирчхээд байна. Эрчим хүч хэрэглэгчийн тоо 2017-2021 онд жилд дунджаар 2.1-5.2 хувиар өссөн бол үүнээс хойш 9-12 хувиар нэмэгдсэнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлсэн. Үүнээс үүдэлтэйгээр эрчим хүчний системийн ачаалал суурилагдсан хүчин чадлаас байнга давж, “улаан гэрэл” асах нь ойртсон. Нийслэлчүүд үүнийг сайн мэдэж байгаа. Сүүлийн хоёр жилд гэхэд засвар, шинэчлэл хийх, оргил ачааллын үеийн хэрэглээг зохицуулах нэрийдлээр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг хэчнээн удаа тасалж, хэдэн өдөр лаа, шүдэнзтэй нөхөрлүүлэв ээ.
Өвлийн ид галлагаа, оргил ачааллын үе дууссан өдрүүдэд ч ийм байдлаар цахилгаан хязгаарлаж, олон мянган иргэнийг хохироодог болсон шүү дээ. Энэ бол манай улсад эрчим хүчний хямрал нүүрлэсний, илүүчлэх нь бүү хэл, дутагдлаа нөхөх нөөц, эх үүсвэр байхгүйн нотолгоо. Ийм байхад бид зах зээлд хэзээ мөдгүй нийлүүлэгдэх гэж буй 66.4 мянган айлын орон сууц, дараа дараагийн жилүүдэд ашиглалтад орох олон арван барилга, байгууламжийг яаж цахилгаанаар хангах юм бэ. Барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр эрчим Цахилгаан, дулааны гачигдалтай Улаанбаатарт шинэ сууц “шийтгэл” болж байна хүчний төвийн сүлжээнд ирэх ачаалал үлэмж өсөх нь тодорхой. Гэтэл нөгөө талд нь шинэ эх үүсвэр барих, нөөц хуримтлуулах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тасралтгүй байдлыг хангах ажил зогсонги, царцанги хэвээрээ. Засгийн газар “Эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөж, реформ хийх эхлэлийг тавина” гээд цахилгааны үнийг өнгөрсөн оны сүүлчээр 30-80 хувиар нэмчихсэн. Гэтэл энэ мөнгөөр чухам юу хийж буй нь тодорхойгүй, цаашид ямар дорвитой зүйл хэрэгжүүлэх нь ч бүрхэг байгаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “2025 оны өвөл ч цахилгаан хязгаарлана. Хэр олон удаа вэ гэдэг л асуудал яригдахаас огт таслахгүй гэж худал хэлж чадахгүй” хэмээн даапаалан ярьж буйгаас ойрын жилүүдэд лав дорвитой зүйл хийхгүй, одоогийн янзаараа байх нь гэсэн ёр төрөв. Эрчим хүчний реформын нэр барьж, цахилгааны тарифыг нэмсэн тэд одоо дулааны үнийг нэмэхээр зүтгүүлж буй. Эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийг хоёр дахин нэмэх санал, шийдвэр гаргасныг салбарын сайд нь танилцуулаад “Тарифыг нь нэмэхгүй л бол цаашид нэг ч орон сууцыг төвлөрсөн хангамжид холбох боломжгүйд хүрнэ” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн. Сүржин хэмээн тодотгосны учир нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдлыг үгүйсгэсэндээ биш, үнэ нэмэх болохоороо л салбарынхаа зовлон бэрхшээлийг ойлгодог, мэддэг дүр эсгэдэг сайд, дарга нарын үйлдэлд эгдүүцсэндээ тэр юм. Энэ янзаараа Засгийн газар дулааны үнийг 50 хувиар нэмэх нь цаг хугацааны л асуудал болж байх шиг. Харин үүний дараа юу хийх вэ, цахилгааны үнийг нэмээд л таг чиг болчихсон шигээ чимээ алдрах уу. Уг нь энэ салбарт хийх зүйл, шийдлээ хүлээж буй асуудал нь маш тодорхой юм сан.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өгсөн мэдээллээр нийслэл дэх дулааны цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадал нь 2418 Гкал/ц гэнэ. Харин холбогдсон хэрэглээ нь 3373.6 Гкал/ц аж. Дутагдал буюу хүчин чадлаас давсан хэрэглээ нь 950 гаруй Гкал/ц. Дулааны хэрэглээ жил тутамд 3-5 хувиар өсөж буй бол дунджаар 350-500 барилга төвлөрсөн хангамжид холбогдож, 150-200 Гкал/ц ачаалал нэмдэг байна. Нийслэлчүүдийн хэрэглээг дээрх нөөцөөр чадан ядан хангаж буй гэсэн үг. Энэ дутагдлыг дотоодын эх үүсвэрээс нөхөж чадахгүй, засвар, шинэчлэл хийх нэрийдлээр хязгаарлалт хийж байгаа одоогийн нөхцөлд 100 байтугай 10 орон сууцыг ч төвлөрсөн хангамжид нэмж холбоход бэрхшээлтэй. Ийм байхад өнөө маргаашгүй ашиглалтад орох 66 мянга гаруй айлын сууц, түүний дараа барих олон арван барилга, байгууламжийг хэрхэн дулаанаар хангах юм бэ. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлт, одоогийн хүчин чадалтай холбоотой дээр дурдсан цөөн баримтаас л Улаанбаатарт нөхцөл байдал ямархуу байгааг ойлгоход хэцүү биш. Нөөц, хүчин чадлаас гадна дамжуулах шугам сүлжээ, тоноглолын чанар, ачаалал гэж том асуудал бий. Дэд станц, хуваарилах байгууламжаас цахилгаан дамжуулдаг агаарын шугамын 39, кабелийн 43 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусаж, ачаалал даахааргүй болтлоо элэгдсэнийг холбогдох байгууллагынхан хэлж буй. Тэрчлэн нийслэл дэх нийт дулааны шугамын 18.5 хувь буюу 70.8 км нь 30-аас дээш жилийн настай, эвдэрч гэмтэх өндөр эрсдэлтэйг “Улаанбаатар дулааны сүлжээ”-гийнхэн дурдсан юм. Тэгэхээр бид гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг үр дүнтэйгээр, уялдаа холбоотойгоор, иргэдэд төвөг чирэгдэл учруулалгүйгээр хэрэгжүүлье гэвэл инженерийн дэд бүтцийн хангамжид анхаарахаас аргагүй болж байна.
Хэрэв суурь асуудлаа шийдэхгүй, дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлыг инженерийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэхтэй уялдуулахгүй бол ирээдүйд илүү урт хугацаагаар цахилгаан, дулаан хязгаарладаг болно, илүү олон айл өрх, аж ахуйн нэгжийг хохироох эрсдэл үүснэ. Цахилгаан, дулааны гачигдалтай Улаанбаатарт шинэ сууц “шийтгэл” л болно гэсэн үг. Тухайн сууцад орсон айлууд ч ус, цахилгааны гачигдалтай амьдрах магадлалтай. Гүний худагтай, уурын зуухтай тансаг хотхон, хороолол Улаанбаатарт цөөнгүй бий. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж ямар зовлонтойг тэнд оршин суудаг иргэд сайн мэднэ. Тиймээс л орон сууцжуулах хөтөлбөрийг иргэдэд ээлтэйгээр, ирээдүйд хор хохиролгүйгээр хэрэгжүүлье гэж байгаа юм. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний реформын үндэсний хороо зэрэг бодлого, шийдвэр гаргадаг байгууллагынхан шинэчлэл хийнэ гэж дороо “цовхчихын” оронд ядаж төвийн эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлаа хангахад, шинэ эх үүсвэр бий болгоход анхаарах хэрэгтэй санагдана. Одоогоор улаанбаатарчуудын хувьд хамгийн чухал мега төсөл гэвэл цахилгаан, дулааны шинэ эх үүсвэртэй болох л байна. Нэгэн сонирхолтой баримт дурдахад, 20032009 онд манай улсад жилд дунджаар 4000-6000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол 2013 оноос ипотекийн зээл олгож, орон сууцын үнэ тогтворжуулах, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлснээр энэ тоо суга өссөн юм билээ. Оргил үедээ буюу 2013-2016 онд Улаанбаатар хотод жилд дунджаар 18-26 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмж зэргээс хамаараад эл тоо 15-20 мянгын хооронд хэлбэлзэх болсон. Үндсэндээ орон сууцжуулалтыг дэмжих чиглэлээр улсаас хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрүүд барилгажилтыг эрчимжүүлэхэд үлэмж нөлөөлдөг гэдэг нь эндээс харагдана. Энэ нь Улаанбаатарыг “бетонон ширэнгэ” болоход ч чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өдгөө хэрэгжүүлж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд жилд багадаа 35-40 мянган айлын орон сууц Улаанбаатарт сүндэрлэнэ хэмээн барилгын салбарынхан тооцоолжээ. Харин бид “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгасанчлан цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэр дэх суурилагдсан хүчин чадлаа 2-4 дахин нэмэгдүүлж чадах болов уу.
Н.Мишээл