Арав хүрэхгүй хоногийн дараа Улсын баяр наадам болно. Өдийд хурдан морины уяа сойлго таарч, унаач хүү, хүлэг хоёр нэг нэгэндээ хэдийнэ ээнэгшин дассан байх цаг. Гэвч нохойн дуу ойртсон эл өдрүүдэд цахим орчинд “Унаач хүүхэд авна. Сэргэлэн цовоо, жин багатай байх шаардлагатай. Цалин 800 мянга, нэг сая, 1.5 сая төгрөг, утасны дугаар...” гэсэн зарууд ихээ хөвөрч буй нь санаа зовоох асуудлын нэг мөнөөсөө мөн билээ.
Тоон мэдээллээс харахад өнөөдөр Монголд 11700 хүүхэд хурдан морь унадаг хэмээн бүртгүүлжээ. Тэдний 1000 орчим нь ойр дотнын хүрээллийнхнийхээ буюу ах дүүсийнхээ морийг унадаг. Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хэлснээр хуруу дарам цөөхөн нь уяачдын өөрсдийнх нь үр хүүхэд. Үлдсэн дийлэнх олонх нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүд, тэр дундаа хөдөөнөөс хот руу шилжин суурьшсан эмзэг бүлгийнхний хүүхдүүд байдгийг Хүүхдийн эрхийн улсын байцаагч хийгээд хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагч нар хэлж ярьсаар байгаа билээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын мэдээлснээр улс, аймаг, бүсийн наадмуудад түрүүлсэн эрлийз адуунууд маш өндөр үнэлгээтэй. Дунджаар нэг адуу 300-400 сая төгрөгийн үнэ хүрдэг. Үүний ард маш их мөнгө угаах хэрэг үйлдэгдэж байж ч болзошгүй.
Тиймээс уяачид хурдан удмын адуугаа 150-200 саяар даатгуулдаг. Харамсалтай нь, унаач хүүхдүүдийг даатгуулахаас аль болох хойш суудаг. Албан хүчээр даатгуулдаг ч энэ нь таван сая төгрөг хүрэхгүй үнэлгээтэй. Хамгаалах хувцас хэрэглэлийн тухайд бүр ч гомдмоор. Унаач хүүхдэд өмсүүлэх хамгаалах малгай багц хэрэгсэл өнөөдөр дунджаар 180 мянган төгрөгийн үнэтэй. Гадаадад бол морь унаач жокей нарын хамгаалалтын ганц малгай хамгийн багадаа 300 ам.доллар байх жишээтэй.
Хамгаалах хэрэгсэлгүй хурдан морь унаснаас үүдэн 2017-2024 онд нийт 1115 хүүхэд унаж бэртсэн тухай мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа баримт болж үлджээ. Эдгээрийн 514 хүүхэд нь тархи толгойдоо гэмтэл авсан бол 16 нь хөгжлийн бэрхшээлтэй болсон. 1996-2024 онд 52 хүүхэд хурдан мориноос унаж нас баржээ.
Харамсалтай нь, энэ бүгд цаасан дээр бичсэн тоо л төдий. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй шахам. Монголын хууль ийм. Хамгийн ихдээ л нэг жилийн ял сонсож, ихэнхдээ санамсар болгоомжгүй хэрэг хэмээн үзэж уяачид тэнсэн харгалзах ял оноодгийг Монголын шүүхийн мэдээллийн нэгдсэн сангаас харж болно.
Жишээ нь, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн гэр бүл өр төлбөрөө төлж чадахгүйн улмаас хүүхдээ бусдад өгч морь унуулан, эрүүл мэндийг нь зольж, үүрдийн хөгжлийн бэрхшээлтэй болгосон хэрэг гарсан. Энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдсэн. Тодруулбал, А,Б нар Д-гээс авсан мөнгөө төлж чадахгүйн улмаас 9 настай хүүгээ тухайн айлд өгч тэвчишгүй хөдөлмөр буюу хурдан морь унуулах ажил хийлгэж, цалинг нь өрөндөө суутгуулсан. Харин Д уралдуулахыг хориглосон үе буюу 2024 оны гуравдугаар сарын 31-нд хүүгээр хурдан морь унуулсан. Ингэхдээ ямар ч хамгаалалтын хэрэгсэл зүүлгээгүй. Улмаар хүү мориноос унаж, толгойдоо гэмтэл авч, цус харван хөгжлийн бэрхшээлтэй болсон. Харин шүүхээс Д-г 3.5 сая төгрөгөөр торгосон билээ.

Унаач хүүхдүүд юу хийдэг вэ. Хүүхдүүд үүрийн гэгээнээр сэрж, үдшийн бүрий болтол ажилладаг. Хоногт 10-аас дээш цаг ажиллаж, өдөржин ажилд нухлагдаад шөнийн бор хоногтоо арай гэж унтах эрх нь үүснэ. Ингэхдээ уяачдын аясаар, ширүүн харц, зангидсан нударга дор ажилладаг гэдгийг СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө баталсан. Тэрбээр энэ талаараа “Унаач хүүхдийг сургуульд сургах, хөгжүүлэх асуудлыг уяачид сонсохыг ч хүсдэггүй. Хүүхдүүдийн хүмүүжлийг тэд тоох ч үгүй. Хүүхэд элдэв хараал хэлэхэд инээд хөөр болгож, бараг хөхиүлэн дэмждэг. Олонх нь хүүхдийг муу муухай үгээр харааж, зүй зохисгүй үйлдэл гаргаж, гар далайх төдийд хүүхэд цочиж давхийтэл нь айдаст автуулдаг. Гэмтэж бэртсэн байхад нь хүүхдийг тоодоггүй. Тэгсэн хэр нь мориндоо хамгийн үнэтэй бэлдмэл, тэжээл өгч, хайрлан хамгаалдаг” гэсэн юм. Эндээс харахад уяачид уралдааны үеэр алдуурсан морь, алдагдсан эмээл хэрэгсэл зэрэгт анхаардгаас бус ирээдүй болсон хүүхэд багачуул, эрдэнэт хүний амь, эрүүл мэндэд огтоос санаа зовдоггүй нь илэрхий байна. Харин ч хүүхдээр морь унуулах, эмнэг сургах, амь дүйсэн ажлыг нүүдлийн аж ахуй, өв соёлоор хаацайлж, өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөдөг. ЮНЕСКО 2010 онд «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-д эрийн гурван наадмыг бүртгэсэн. Эл агуулгаар нь уяачид өвөл, хавар морь уралдуулахыг өв соёл мэтээр яриад байдаг. Гэхдээ ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд хүүхэд заавал морь унах ёстой гэсэн агуулга хамаарахгүй. Угаас нэр нь хүртэл “эрийн” юм чинь хүүхдийг хамааруулах учиргүй.
Уяач нар хүү, охин гэлтгүй хүүхдээр морь унуулах нь бий. Баяр наадмын тухай хуульд найман нас хүрээгүй хүүхдээр морь унуулж болохгүй хэмээн тодорхой заасан байхад илт 4-5 настай хүүхдэд найман настны гэрчилгээ бариулчхаад уралдаанд бүртгүүлэх гэж оролддог билээ. Энэ нь ердөө уралдааны түрүү авч хэдэн зуун саяар үнэлэгдэх бооцооны эзэн болох сонирхол, шунаг сэтгэлтэй нь холбоотой юм.
Нэмж хэлэхэд “Уяачид газар газраас ирсэн, гэр орноосоо хол байгаа хүүхдүүдийн жинг бага байлгахын тулд хоол ундыг нь хасдаг. Халуун бүлээн гэрийн хоол барагтай бол өгдөггүй. Хийжүүлсэн ундаа, чихэр жимс, бэлэн гурилан бүтээгдэхүүн л авч өгдөг. Тиймээс унаач хүүхдүүд шүд муутай, жингийн болоод эрдэс бодисын дутагдалтай нь илт харагдсан. Өмссөн хувцас нь хир дагтай, хэрэглэж байгаа аяга таваг нь бохир заваан гэж жигтэйхэн” хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч А.Урангоо онцолсон удаатай. Тэрбээр Говьсүмбэр аймагт уяачдын галаар очиж ажиллахдаа дээр дурдсан ноцтой зүйлийн гэрч болжээ. Сум, багуудаар ажиллаж нөхцөл байдалтай танилцаж, буцахдаа аймгийн төвөөр дайрч, зарим хүүхдийн аав ээжтэй уулзсан гэдэг. Улсын байцаагч аав, ээжид нөхцөл байдлыг хэлж, хүүхдээ авах талаар анхааруулахад ар гэрийнхэн нь амьжиргаанаасаа сална хэмээн огтоос авч хэлэлцээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, уяачдаас авдаг мөнгө л чухал болохоос хүүхдийнх нь гэрээ санаж бэтгэрэх, өлсөх цангах, ядрах туйлдах нь тэдэнд төдийлөн хамаатай гэсэн үг биш. Тэд авсан мөнгөөрөө юу хийдэг вэ. Архиддаг, машин тэрэг авч унадаг, хоногийн хоолоо залгуулдаг. Эцэст нь, гэмтэж, бэртсэн хүүхдээ авч, өөрсдийнх нь хэлдгээр амьжиргаанаасаа салж, насан туршид нь асрах ялд унадаг нь гашуун үнэн юм.
Алдарт уяачдын цөөнгүй нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд. УИХ-ын гишүүд ч өөрсдөө хурдан удмын адуутай. Захаас аваад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хотын дарга Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж нарыг дурдаж болно. Х.Баасанжаргал гишүүний хэлснээр улстөрчид хурдан морь арилжиж мөнгөө өсгөх сонирхолтой болохоос хүүхдийн эрхийг хамгаалах хүсэлгүй. Үүний илрэл 2025 оны эхэнд өрнөсөн үйл явдал юм. Тухайн үед Х.Баасанжаргал тэргүүтэй М.Нарантуяа, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Г.Лувсанжамц нарын УИХ-ын гишүүн өвөл, хавар хурдан морь уралдуулахгүй байх санаачилга өрнүүлж, мэдэгдэл хийсэн.
Харин улстөрчид нөлөө бүхий нэртэй уяачид Сүхбаатарын талбайд морьтой жагсаж, өв соёлоо хамгаална, өвөл, хаврын морин спортыг хөгжүүлнэ хэмээн эсэргүүцсэн. Энэ үйл явдал өндрөө авсан эл үед Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд буюу “Хүүхэд нэгдүгээрт” хэмээх Засгийн газрын бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх үүрэгтэй Л.Энх-Амгалан “Хаврын морин уралдаан гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулж болно. Гэхдээ бид хугацаа заахгүй, зөвлөмж өгнө. Нэг, хоёрдугаар сарыг хориглох ёстой. Харин гуравдугаар сар бол хамгийн эрсдэл багатай сар. Үүнийг тусгаж бид зөвлөмж болгоно, аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод хэрэгжүүлнэ. Тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хүүхэд морь унаж уралдвал тэвчишгүй хөдөлмөр биш гэж үздэг. Харин бусад үед хүүхэд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр мөн гэж үздэг стандарт үүсчихээд байна. Би малын захад өссөн, хурдан морь унаж байсан. Морины уралдаан ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын өв соёл. Бид өв соёл тээгчид” хэмээн хамгийн чангаар байр сууриа илэрхийлж байв. Гэхдээ олон нийт болоод Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЮНЕСКО хүртэл эсэргүүцсэн байр суурьт нэгдэж, “2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдааны талаарх Монгол Улсын Шадар сайдын арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон бэлтгэл уралдаан зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, аливаа соёл, спортын арга хэмжээ, түүний дотор хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай мэдэгдсэнд харамсаж байна” хэмээснээр ашгүй нэг юм УИХ-аас алдаатай шийдвэрээ цуцалсан.
Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн судалгаанаас зарим мэдээллийг одоо иш татан хүргэе. Бага насандаа ахадсан хөдөлмөр эрхэлдэг хүүхэд Монголд олон. Тодорхой хэлбэл, тэдний тоо 138.500 хэдийн давсан. Энэ нь 5-18 хүртэлх насны хүүхдүүдийн 16.3 хувь юм. Тэдгээрээс таван хүүхэд тутмын гурав нь хөдөө ажилладаг. Мөн 10 хүүхэд тутмын гурав нь мал аж ахуйтай холбоотой хөдөлмөр эрхэлдэг аж. Хөдөө ажилладаг багачуулын цөөнгүй нь унаач хүүхэд. Морь унаачийн ажил гэдэг тэдний насанд ахадсан хүнд хөдөлмөр юм. Хүнд хөдөлмөр эрхэлснээс үүдэн хүүхэд бие бялдрын хувьд сул дорой, оюуны хөгжлийн хувьд хоцрогдолтой болох магадлал өндөртэйг дээрх судалгаанд дурдсан байсан.
Эцэст нь тэмдэглэхэд хүний эрхээс дээгүүрт тооцогдох хурдан морины уралдаан, хүүхдийн амь наснаас эрхэмд тооцогдох өв соёл гэж байх учиргүй билээ.