Чөлөөт хэвлэлийн шанг татаж, өдөр тутмын анхны сонин болон мэндэлсэн "ӨНӨӨДӨР" сонины 20 жилийн ой энэ онд тохиож байна. Манай хамт олны дундаас төрсөн алдар гавьяатан, авьяаслаг сэтгүүлчид, нийгмийг түүчээлсэн зүтгэлтнүүд олон бий. Тэгвэл өнөөдөр бидний дундаас зургаа нь Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Өнөөдөр" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Болормаа, Улс төрийн мэдээллийн албаны дарга С.Туул, Эрэн сурвалжлах мэдээллийн албаны дарга Г.Цолмон, Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага, Дизайнеруудын албаны дарга Н.Уламбаяр, дизайнер Л.Өлзийжаргал нарт МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид өнөөдөр Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.