Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд, салбарынхан болон иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдал болон хуулийн шинэ зохицуулалтуудын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих үеэр мод болон ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхтэй холбоотой заалтыг хассан нь нэлээд шүүмжлэл дагууллаа. Мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг уг хуулиас хассанаар ойн баялаг, тэр дундаа хуш модны самрыг хууль бусаар олборлох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Үүнд та хууль санаачлагчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг огт өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл олгох тогтолцоо хэвийн үргэлжилж байгаа. Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.1.11-д, байгалийн нөөц, ойн дагалт баялгийг ашиглахтай холбоотой зохицуулалт 8.1.1.29-д, мод бэлтгэхтэй холбоотой харилцаа 8.1.1.30-д тус тус хэвээр хадгалсан. Тиймээс тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг хүчингүй болгосон гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг урьдын адил хүчин төгөлдөр мөрдөж байна. Харин тухайн орон нутагт амьдарч буй иргэд мод, түлээгээ бэлтгэх зөвшөөрөл авахын тулд заавал сумын төвд очиж, цаасан гэрчилгээ авдаг байсан. Шинэ зохицуулалтаар иргэд гар утас, эсвэл цахим системээр дамжуулан гэрчилгээгээ шууд авах боломж бүрдэх юм. Мөн өмнөх тогтолцоонд модтой бүсэд намаржсан иргэн модгүй бүсэд байрлах өвөлжөө рүүгээ түлээгээ зөөвөрлөснийхөө төлөө хуулийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлдэг байв. Тэгвэл цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр тээвэрлэлтийн мэдээллийг автоматаар бүртгэдэг болно. Үүгээр зогсохгүй ойн сангийн мэдээлэл, зөвшөөрөл, гэрээ, ойн аж ахуйн арга хэмжээний тайлан зэрэг бүх мэдээллийг Ойн мэдээллийн нэгдсэн системд бүртгэх юм. Ингэснээр экологийн цагдаа, байгаль хамгаалагч зэрэг төрийн албан хаагч иргэнээс цаасан зөвшөөрөл шаардах бус, дотоод мэдээллийн системээрээ шууд шалгаж, баталгаажуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн үйл явцыг ил тод, шуурхай, эрсдэл багатай болгохоороо ач холбогдолтой гэсэн үг.
-Гэтэл мэргэжлийн байгууллагуудын зүгээс үүнийг ойд халгаатай хууль болчихлоо хэмээж байна шүү дээ.
-Нэг талаас мэргэжлийн байгууллагууд ингэж худал мэдээлэл тараах нь аргагүй. Учир нь шинэчилсэн хуулиар зарим аж ахуйн нэгжийн бий болгосон явцуу ашиг сонирхол, хууль бус тогтолцоог хязгаарлаж байгаа. Харин бидний зорилго бол тэдний үйл ажиллагааг илүү тодорхой, ил тод, хариуцлагатай болгох юм. Тэд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж буй гол шалтгаан нь ойн санг дамлан худалдах хууль бус тогтолцоог таслан зогсоож байгаатай холбоотой. Өнөөдөр зарим компани мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл авч, тодорхой хэмжээний ойн санг эзэмшин ашиглах эрхтэй болдог. Хуулийн дагуу тухайн талбайд цэвэрлэгээ, арчилгаа хийж, дараа нь нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Гэвч бодит байдалд тухайн байгууллага эзэмшиж буй ойн сангийн эрхээ компанийн хамт бусдад худалдах нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, ойн сан ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компанийг 500 саяас хоёр тэрбум төгрөгөөр дамлан худалдах нь цөөнгүй.
Тусгай зөвшөөрөлтэй компани ойн сангаас 10, 50, эсвэл түүнээс дээш га талбай ашигласан бол цэвэрлэгээ, арчилгааны ажлаа дуусгасны дараа заавал нөхөн тарилт хийх үүрэгтэй. Гэтэл модоо бэлтгэж дуусмагцаа нөхөн сэргээлт хийхгүйгээр компаниа бусдад шилжүүлчихдэг. Улмаар орон нутгийн захиргаа тухайн компанид үүргээ биелүүлэхийг шаардмагц шинэ эзэмшигч нь “Би энэ компанийг саяхан худалдаж авсан. Өмнөх үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй” гэсэн тайлбар өгч, маргаан үүсгэдэг. Улмаар хамгийн анх тусгай зөвшөөрөл авсан этгээд компаниа худалдсаныхаа дараа хариуцлагаас мултарч, сураггүй болдог. Энэ мэтчилэн ойн санг дамлан худалдах, их хэмжээний мөнгө эргэлддэг хууль бус тогтолцоог бид шинэ хуулиар эцэслэн цэгцлэх гэж байна.
-Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөр ямар онцлох зохицуулалтууд тусгасан бэ?
-Шинэ хуулиар ойг хэт ашиглах боломж бүрдүүлж байна гэсэн хардлага бий. Гэвч бодит байдалд бид унасан, ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавжид нэрвэгдсэн үхмэл мод, хожуул зэрэг ашиглах боломжтой нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Үүний зэрэгцээ ойн баялгийг хаягдалгүй, үр ашигтай ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, био түлш болон ойн химийн үйлдвэрлэлийг дэмжих заалтыг шинээр оруулж өглөө. Ингэхдээ сумын ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн, шаардлага хангасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд эрх олгох юм. Манай улсад 32 жилийн ашиглалтын нөөц бий. Үүнийг зөв зохистой ашиглавал жилд нэг их наяд орчим төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой.
Хоёрдугаарт, нутгийн иргэд, малчдын ахуйн хэрэгцээний модоо бэлтгэх боломжийг хадгалахын зэрэгцээ байгаль хамгаалах ажилд идэвхтэй оролцуулж, тодорхой үүрэг хүлээлгэнэ. Гуравдугаарт, өмнө нь ойн болон дагалт баялгийг урьдчилан мэдэгдэлгүйгээр ашигладаг байсан бол шинэ зохицуулалтаар заавал бүртгүүлж, мэдээлдэг тогтолцоонд шилжүүлэх юм. Мөн сум, аймаг, улсын түвшний менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан бүх үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор төлөвлөж хэрэгжүүлнэ. Тухайлбал, цөлжилт эрчимжиж буй бүсүүдэд хамгаалалтын зурвас, таримал ой байгуулах ажлыг заавал тусгах зохицуулалт хийсэн. Ингэснээр таримал ойгоор дамжуулан хүлэмжийн хийн олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломж нээгдэнэ. Өмнө нь тарьсан модыг эдийн засгийн эргэлтэд оруулалгүй үлддэг байсан бол цаашид карбоны зах зээлээс санхүүжилт татах боломж бүрдэх юм.
Түүнчлэн УИХ, Засгийн газар, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, иргэн, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн давхардсан чиг үүргийг арилгаж, илүү тодорхой болгосон. Мөн хуулийн зохицуулалтыг нарийвчилснаар ойн хамгаалалтын тогтолцоо бэхжиж, санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүд бий болно. Үүний зэрэгцээ ой өөрийгөө нөхөн сэргээх, тэлэн ургах эдийн засгийн боломжийг бүрдүүлэхээс гадна ойжуулалтын сан байгуулж, нөхөн сэргээлтийн ажлыг тогтвортой дэмжих эрх зүйн үндэс бүрдэж байна.
Өнөөдөр худал мэдээлэл тараагсдын дунд нөхөн тарилтын үүргээ биелүүлдэггүй, байгаль орчныг доройтуулж, зөвхөн ашиг сонирхлоо урьтал болгож ирсэн аж ахуйн нэгжүүд бий. Шинэ хуулиар тэдэнд хариуцлага тооцож, заавал нөхөн сэргээдэг тогтолцоог бий болгох учраас биднийг захиалгатайгаар гүтгэж байна.
У.Сүрэн