Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт, бодлогын хөгжлийн талаар АНУ-ын нэр хүндтэй 31 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “MIT CASE Competition 2016” тэмцээнд Жоржтауны их сургуулийн оюутан Э.Азжаргалын баг түрүүлжээ. Массачусетсийн технологийн их сургууль (MIT)-ийг үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн мэргэжлээр төгсөгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь салбартаа нэр хүндтэйд тооцогддог бөгөөд мастерын зэрэг горилж буй оюутнууд өрсөлддөг юм байна.
Тиймээс ч үл хөдлөх хөрөнгийн томоохон хөрөнгө оруулагч, байгууллагуудын удирдагч, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон баг тус тэмцээнийг шүүдэг аж. Энэ оны хоёр, гуравдугаар сард гурван шаттайгаар Вашингтон, Бостон, Майами хотод зохион байгуулсан тус тэмцээн “Карибын зам” нэртэй бөгөөд даалгавар нь Америкийн хамгийн том боомт болох Майамид 36.400 ам метр газрыг барилгажуулан хөгжүүлэх төсөл байжээ.
Тус тэмцээнд оролцох баг 3-4 гишүүнтэй байхыг зөвшөөрдөг гэнэ. Э.Азжаргалын баг дөрвөн гишүүнтэй. Тэдний төсөл “Өмнөд боомт” нэртэй аж. Э.Азжаргал архитектур болон дотоод засал, чимэглэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бөгөөд ирэх тавдугаар сард Жоржтауны их сургуулийг үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгсөх юм байна.
Б.НОМИН