Манайд ганцхан эмнэлэгт элэг, бөөр шилжүүлэн суулгаж буй. Эмнэлгийн төсөв хүрэлцэхгүйгээс жилд 15-18 хүнд бөөр, 4-6 хүнд л элэг солих хагалгаа хийдэг. Гэвч Монголд бөөрний архаг дутагдалтай, элэгний хавдар, хатууралтай олон хүн эрхтэнээ солиулахаар хүлээж буй учир Улсын нэгдүгээр төв эмнэлгийн одоогийн хүчин чадал хаанаа ч хүрэхгүй байгаа. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) Энэтхэг улсын JAVPEE эмнэлэгтэй хамтран, энэ жилээс элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гэж байна. Элэгний хавдартай 2000 хүн жилд оношлогдож буйн 150 нь элгээ яаралтай солиулах шаардлагатай байгааг ХСҮТ-ийнхэн хэлсэн юм.
Тиймээс тус төвийнхөн эхний гурван жилд 20 хүнд элэг шилжүүлэх мэс засал үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ. Энэхүү өртөг өндөртэй хагалгааг үнэгүй хийхэд нь БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас 400 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 85 сая төгрөгөөр элэг сольж буй. Ийм эмчилгээ хийлгүүлсэн хүмүүсийн 70-80 хувь нь 10-аас дээш жил амьдрах боломжтой. Тэгвэл ХСҮТ-ийн тооцоогоор бол монголчууд гадаадад очиж эмчилгээ хийлгэхдээ жилд 500 гаруй сая ам.доллар зарцуулж буй гэнэ. Тэгэхээр эрхтэн шилжүүлэх мэс заслыг эмнэлгүүдэд зэрэг хийснээр энэ их мөнгийг хэмнэж, дотооддоо авч үлдэх боломжтой аж.