- Бүртгэгдээгүй 1072 хувьцааны ногдол “ашгийг” цаашдаа
компани байтугай төсөв дийлэхгүй –
Олон улсын зах зээлд IPO хийсэн үндэсний ганц компани нь default (дефолт) зарлачихаад байхад баяртай нь аргагүй “Тавантолгойгоо бид аварсан” хэмээн өөрийгөө сурталчилж буй УИХ-ын даргыг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Улсынхаа хөгжлийг гацаан, эдийн засгаа хасах руу унагаж, ард түмнээ ямар хэцүү байдалд амьдралаа залгуулж байгааг энэ хүн мэдэхийг ч, ойлгохыг ч үл хүсэж буй бололтой. Дэлхийн нүүрсний зах зээлд Монголын нүүрийг тахалж буй үндэсний ганц компани нь төлбөрийн чадваргүй болоход баярлан бахдах ямар учир З.Энхболд болон зарим нэгэн улстөрчид байна вэ?
Дефолтыг дагаад төсөвт төвлөрүүлж байсан 760 тэрбум төгрөгийн татвар тасрахаас эхлээд зөвхөн компанид биш, улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх юм биш үү. Мөн компанид ажиллаж, өрх гэрээ тэжээж байсан 200 гаруй хүн ажилгүй болно. Өмнийн говьд хот байгуулж болохын бодит үлгэр дуурайл болсон Цогтцэций сумын бүтээн байгуулалт, тэнд ажиллаж, амьдарч, суурьшсан иргэдийн хувь заяа хэрхэх вэ? Улстөрчдийн хийж, шийдэж чадаагүй энэ мэт үндэсний бүтээн байгуулалт эзэнгүйдэн сүйрч болзошгүй нь бүрэн эрх нь дуусаж байгаа УИХ-ын дарга, гишүүдэд хамаагүй юм гэж үү? Явах хүнээр ачаа бүү татуул гэж үнэн үг аж.
“Тавантолгой бол ард түмний өмч” хэмээн сүүлийн 10 жил ард түмнийг хөөргөж, хувь эзэмшүүлэхээр шийдсэн. Гэтэл тэр 1072 ширхэг хувьцаанаас монголчууд юу хүртэх вэ. “Эрдэнэс Тавантолгой” гэх улстөрчдийн саалийн үнээ болсон төрийн мэдлийн хувьцаат компанийг байгуулан, улс төр, бизнесийн бүлэглэлийнхний шуналыг хөдөлгөсөн мөнгөний “уурхайг” байгуулснаас өөрөөр юу бүтээв? Төр бол муу менежер гэдгийн яруу алдарт жишээ болсон энэ компани байгуулагдсанаасаа хойш мөнгө биш, өр л үйлдвэрлэснийг 2015 оны санхүүгийн тайлангаас нь харж болохоор байна. Бидний хумсаа хуйхлан байж төлсөн татвараас төр 300 сая төгрөгийн хөрөнгө оруулж, төрийн мэдлийн энэ компаниа байгуулсан.
Нүүрс үнэтэй, эрэлттэй байх үед ард түмний, компанийн баялгийг барьцаалан 250 сая ам.долларын зээл авч, үйл ажиллагаа нь ч эхлээгүй компанийн хувьцаанаас “ногдол ашиг” тарааснаар өрийн үүдийг нь нээсэн. Үүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой” компани өр, зээлийнхээ дарамтаас өндийж чадахгүй байсаар эдүгээ 134 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ.
Хувьцаат компани байгуулсан атлаа төсвийн мөнгөөр, өр зээлээр “ногдол ашиг” урьдчилж тараадаг эрх зүйн үндэслэл, зах зээлийн зарчим гэж Монголоос өөр аль ч оронд байхгүй. Энэ бол жинхэнэ популизм, улс төрийн хийрхэл байсан юм. Гэвч төрийн эрх мэдлийг ашиглаж шийдсэн “ногдол ашгийн” хууль бус хуваарилалтын хариуцлагыг хүлээх эзэн одоо алга.
Монголдоо хамгийн сайн менежменттэй, олон улсын хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй компани бүсээ чангалж, гүрийж зүтгэсэн хэдий ч дефолт зарлалаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид, банкуудтайгаа яриа хэлцэл хийж тохиролцоонд хүрч буй гэсэн мэдээлэл байна. Тэгвэл хамгийн муу менежменттэй, улс төрийн асар их дарамт, ашиг сонирхол дунд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн байдал ямар байна вэ?
ММС яах вэ, хувийн компани, бүх эрсдэлээ өөрсдөө үүрнэ, төрөөс хол юм гэж бодъё. Харин төрийн 100 хувийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн байдал хүндэрвэл, тавлаад байгаа ММС-гийн араас орвол хэн хохирох вэ? ММС-гийн менежментийн баг шиг ажиллах чадвар тэдэнд бий юү?

“Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн тайлангаас харвал Монголын гурван сая иргэнд эзэмшүүлэхээр болсон гэх гурван тэрбум ширхэг хувьцаа буюу гурван их наяд төгрөг огт тусгагдаагүй аж. Харин хуримтлалын ашиг хэмээн -134 тэрбум төгрөг бичигдсэн нь та бидний эзэмших 1072 ширхэг хувьцаа байхгүй байгааг энэхүү тайлангаас харж болох нь.
Санхүү бүртгэлийн олон улсын стандартаар хувьцаат компанийн хувьцааны талаарх мэдээлэл ашигтай, алдагдалтай ажилласнаас үл хамааран тайланд бүртгэгдэж, энгийн хувьцаа эзэмшигчдийн авах ногдол ашиг, алдагдал нь тооцоотой, тодорхой байх учиртай. Энгийн хувьцаа эзэмшигчид тухайн компанийг ашигтай ажилласан тохиолдолд л ногдол ашиг хүртдэг. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1 дэх заалтын дагуу үнэн зөв, бүрэн тусгасныг баталсан дарга, нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий уг тайланд хуримтлалын ашиг нь хасах үзүүлэлтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн огт ашиггүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үг.
Зах зээлийн байдлыг нь харсан ч, үйл ажиллагааны түүхийг мэдэхийн хувьд сайжрах төлөв огт ажиглагдахгүй, итгэл төрөхөөргүй байна. Энэ хэвээр үйл ажиллагаа явуулбал ард түмэн 1072 байтугай нэг сая хувьцаа эзэмшээд ч сохор зоосны ашиг авахгүйг харж болох нь. Бизнесийн үйл ажиллагааны явцад олсон ашгийг хуримтлал хэмээн тооцдог. Гэтэл төрийн мэдэлд 100 хувь байгаа энэ компани бизнесийн биш, дампууруулах үйл ажиллагаа явуулж байна бус уу.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг ашиггүй ажиллаж байгааг иргэн бүр гадарлаж байсан. 200 гаруйхан хүнийхээ цалинг тавьж чадахгүйд хүрсэн, ажилтан нь өөрийгөө шатааснаас эхлээд манай эрх мэдэлтнүүдийн хувийн ашиг сонирхол, улстөрийн зорилгоор тавьсан өр зээл нь өдрөөс өдөрт нэмэгдэж, өндийж сэхэж чадахгүй байгаа зэрэг олон шалтгаан бий. Үүнд ард түмэн хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн нь үнэн. Гэхдээ арай ч өнөөдрийнх шиг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр алдагдалтай ажиллаж буй гэж төсөөлөө ч үгүй биз.
“Чалко”-д төлөх 110 сая ам.долларын өр тус компанийн санхүүг хүндрүүлж байгаа талаар үе үеийн захирлууд нь ярьж, улстөрчид нь өлгөж аван улстөржсөөр олон жилийн нүүр үзэв. Өнгөрсөн оны байдлаар энэ өрийн үлдэгдэл хүүтэйгээ нийлээд 150 сая ам.доллар гэж мэдээлж байсан юм. Гэтэл тайлангаас нь харахад урт хугацаат зээл, урт, богино хугацааны өр төлбөрийн дүн, бусад урт хугацаат зээлийн дүн буурах нь байтугай нэмэгдсээр өр төлбөрийн нийт дүн 898.3 тэрбум төгрөгт хүрсэн нь төрийн мэдлийн компанийн хувьд хэрээс хэтэрчээ.
Төр бизнесийн зарчмаар нь энэ компанийг удирдаж бие даасан үйл ажиллагааг нь хангах учиртай. Ийм боломж бололцоог нь эрх зүйн хүрээнд ч шийдэх хэрэгтэй. Гэтэл хувьцаанаас эхлээд бараг бүх үйл ажиллагаанд нь улс төрийн оролцоо хэтэрснээс “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн өрсөлдөөнд хүссэн ч, үл хүссэн ч цагаан тугаа өргөхөөс аргагүй байдалд хүрч буй бололтой. Гурван сая иргэний эзэмшиж буй хувьцааг сая төгрөгөөр нь тооцвол нийт гурван их наяд төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэтэл энэ үнэлэмж нь бодит амьдрал дээр ямар байгаа билээ.
Санхүүгийнх нь тайлангаас харвал өр төлбөр болон эздийн өмчийн дүн нь өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 764.2 тэрбум төгрөг гэжээ. Ийм хөрөнгөтэй компанид иргэд гурван их наяд төгрөгийн хувьцаа эзэмшинэ гэдэгт монголчууд биднээс өөр итгэх хүн байхгүй л болов уу?
Зах зээл, тэр тусмаа нүүрсний зах зээл сүүлийн хоёр жилд эрс хүндэрч, хумигдсаар байгаа. Ийм үед Монголын ММС, “Эрдэнэс Тавантолгой” байтугай дэлхийн нүүрсний гигант “Пибоди”-гоос эхлээд олон олон компани дампуурлын ирмэгт тулсныг гадаадын хэвлэлүүд мэдээлж буй. Ийм хүнд байхад цаашид ард түмний хувьцаат ганц компаниа аварч үлдэхийн тулд эрх баригчид төдийгүй ард түмэн нэг зорилго дор нэгдэн, дэмжих нь зүйтэй санагдана.
Гадаадын хэвлэлүүд болон олон улсын хөрөнгийн биржийн мэдээллүүдээс харахад компаниудын хувьцааны ханш унасаар байна. Ийм үед эрх баригчид 1072 ширхэг хувьцааны үлгэрээ ярьсаар, сайхан амлалтуудаа үргэлжлүүлсээр байх нь үнэнд нийцэхгүй юм. Хувьцаанаас нь ногдол ашиг хүртэх нь бүү хэл дахиад өр зээл тавьж, өрнөөс өрийн хооронд ажиллах нь бараг тодорхой болчихлоо. Ийм компанийг төр цаашид хүчээр мөлхүүлж, алдагдлыг нь нэмэгдүүлсээр байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. “Эрдэнэс Тавантолгой” компани ийм болчихоод байгаад төр барьж байгаа эрхмүүд, тэр тусмаа УИХ-ын дарга болон зарим улстөрч бас баярлаж байгаа ч юм бил үү.
Одоо бодит байдлыг үнэлж, ард түмний эзэмших 1072 ширхэг хувьцаа байхгүй гэж бодит үнэнийг зарлах цаг болжээ, эрх баригчид аа! Энэ жилийн УИХ-ын сонгуульд Тавантолгойтой холбоотой, эдийн засгийн бус ийм бодлого, амлалт гаргаж ирж иргэдээ бүү хуураарай даа. Сонгуулийн циклээр ард түмнээ хуурч, улс төрийн зорилгоор бизнесийн салбараа золиосолсоор байтал улс орон дампуурах нь. Ганц нэг компанийг эс тооцвол Монголын нийт экспортын 40 хувийг бүрдүүлж байсан нүүрсний экспорт бүрэн зогсоод байна.
Ийм байхад ард түмэн “Эрдэнэс Тавантолгой” компанид хэдэн мянга, сая хувьцаа эзэмшээд ч ажил, амьдралд нь нэмэр болох бус, хэдэн тэрбум төгрөгийн алдагдал нь иргэдийн нуруун дээр дааж давшгүй ачаа болж жилээс жилд хүндэрсээр байна. Тавантолгойн IPO–г олон улсын зах зээлд гаргах үлгэрээ ойрын хэдэн жилд яриад ч хэрэггүй. Итгэх ч хүн байхгүй. Тэгээд ч ард түмэнд эзэмшүүлнэ гэх 1072 хувьцааг өнөөдөр компани байтугай, төсөв ч тэсэж, дийлэхгүй болсныг зах зээл, цаг хугацаа баталсаар байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ