2016 оны эхэнд улсын хэмжээнд 23.8 сая эх мал тоолуулсан. Үүнээс ингэ 105.200, гүү 952.500, үнээ 1.4 сая, хонь 10.6 сая, ямаа 9.6 сая байна. Одоогоор нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая нь төллөж, 2.7 сая төл хүлээн авсан бөгөөд нийт төл бойжилт 97.2 хувьтай байгаа гэнэ. Нийт 11.500 ботго, 7.400 унага, 46.200 тугал, 1.4 сая хурга, 1.3 сая ишиг хүлээн авчээ.
Манай орны нийт нутгийн 20 гаруй хувь нь өдгөө цастай байна. Тэр дундаа Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн зарим суманд 20-64 см зузаан цастай байгаа бөгөөд нийт 22 сум цагаан зудтай, дөрвөн аймгийн 10 сум цагаанаар зудархуу байгаа гэнэ. Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч буй ч сүүлийн өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаагаас шар усны үеэр болж болзошгүйг холбогдох газруудаас анхааруулжээ.
Ч.ЗУЛ