Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд хороодын гудамж, байруудад нийтийн эргүүл ажиллуулах журам гаргасан. Энэ оны нэгдүгээр сараас гудамж, байрны нийтийн эргүүлээр мянга гаруй хүн ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Тавантолгой дахь сургалтын төвд дээрх эргүүлийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн сургалтад хамруулжээ. Энэ үеэр тус дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ “Манай дүүрэг 170 гаруй мянган иргэн, 35 мянга гаруй өрхтэй. Тэднийхээ амар тайван, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтраад, иргэдийг нэг баг болгон төрийн ажилд татан оролцуулж байна. Нийтийн эргүүлүүдэд сар бүр 15000 төгрөгийн шагнал олгодог. Мөн 19 хорооны гудамж, талбайг камержуулах ажилд дүүргийн төсвөөс хөрөнгө гаргахаар болсон” гэв.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дүүргийн хэмжээнд гэмт хэрэг 5.7 хувиар буурч, илрүүлэлт 2.2 хувиар өсчээ. Тиймээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг энэ үеэр дүүргийн Цагдаагийн I, II хэлтсээс шагнаж урамшуулсан байна.
Л.АРГАМЖИН