Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдийг “Нүүрсний” гэх тодотгол дор хууль хяналтын байгууллага шалгаж, цөөнгүйг нь шүүхээр шийдвэрлээд буй. Зарим нь сураг алдарчихсан.
Тодруулбал, “Ажнай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, Өмнөговиос УИХ-д сонгогдсон Р.Сэддорж зэрэгт хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон. “Ажнай групп”-ийн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон 11 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн гэх мэдээлэл гарснаас хойш хэрэг яасан нь тодорхойгүй өдий хүрч буй юм.
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад холбогдох, хууль тогтоогч асан А.Адъяасүрэнгийн “С” зөвшөөрөл авахын тулд 100 000 ам.долларын хахууль Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтанд өгсөн хэрэг мартагдчихаад байна.
ЭХЛЭЭД Д.АРИУНБОЛДЫГ, ДАРАА НЬ С.ГАНСЭЛЭМИЙГ ЦАГААТГАСАН НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ, ЭСЭХИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэм нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хурлаар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх хурлыг уржигдар товлосон ч хэсэг хугацаагаар хойшлуулаад байна.
Д.Ариунболдын хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон өнгөрсөн 2023 онд цагдан хоригдож байсан нэгэн. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан бөгөөд энэ үедээ бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан. Бидний авсан мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан борлуулж буй коксжих нүүрсний тонн тутамд нэг ам.долларын хахууль авахаар тохиролцон дээрх аж ахуйн нэгжүүд 260-360 мянган тн нүүрс олгохоор гэрээ байгуулсан гэдэг.
2017 онд нээсэн 1741000150174 дугаартай дээрх хэрэгт нь Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмийн албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийг нэгтгэн шийдвэрлэсэн. Тэрбээр Засаг дарга байхдаа Д.Ариунболдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хуучин хөөрөх, буух зурвасын хамгаалалтын бүсэд 15 жилийн хугацаатай газар олгож, тухайн компани нь бөөний худалдааны төв барихаар болсон аж. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр Д.Ариунболдод давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан. Говь-Алтай аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалан НПГ-ын хяналтын прокурор Ч.Батзориг, Б.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Ариунболд, С.Гансэлэм, тэдний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нарыг оролцуулан хийсэн шүүх хурлаас хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Д.Ариунболдын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин С.Гансэлэмийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Гэтэл ГовьАлтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нар оролцон өнгөрсөн долоодугаар сарын 7-нд хянан хэлэлцсэн хурлаас С.Гансэлэмийг Д.Ариунболдтой адилхан үндэслэлээр цагаатгасан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорууд Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд илтгэх шүүгч нь олон хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцаж амжаагүй учраас хурлыг хойшлуулсан байна.
АТҮТ-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА К.АЙДОС НАРТ ОНООСОН ТОРГОХ ЯЛ ТОХИРСОН ГЭЖ ҮЗЛЭЭ
АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос, мэргэжилтэн Г.Мэндбаяр, С.Онон, нүүрс тээврийн компанийн эрх бүхий албан ту¬шаалтан Б.Даваа, Л.Балдорж нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхээс оноосон торгох ял хуулийн хүчин төгөлдөр болж, дээрх хүмүүсээс гаргуулахаар болж байна. “Ковид-19” цар тахлын хөл хорионы үед нүүрсний экспортыг хэвийн явуулах зорилгоор төр засгаас ачааны машины жолооч нарыг тусгаарлан “бөмбөлөг” гэгчийг үүсгэн хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байсан. АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн Г.Мэндбаяр нар энэ үед буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 24-28-нд томилолтоор ажиллаж байхдаа хамтарч таван аж ахуйн нэгжийн 17-46 хүртэлх тооны жолоочийг 52-87 болгож нэмэн бүртгэж, хилийн боомтынхонд танилцуулан Хятадын иргэн болон аж ахуйн нэгжийн удирдлагад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
Мөн Г.Мэндбаяр нь өмнөд хөршийн аж ахуйн нэгжийнхнээс таван сая төгрөгийн хахууль авсан, С.Онон нь ачааны машинуудыг үзлэг оношилгоонд тэнцүүлсэн, 67 жолоочийн тоог 103 болгон нэмэгдүүлж, тусгай зөвшөөрөл гаргуулсныхаа хариуд Б.Даваагаас “iPhone-13” загварын гар утас хахуульд авсан. Л.Балдорж нь Г.Мэндбаярын шаардсан хахуулийг С.Ононгийн дансанд шилжүүлсэн хэрэгт холбогдсон юм. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлэхгүй үл ялих зүйлээр шалтаглан удаа дараа буцааж байсны эцэст энэ оны нэгдүгээр сарын 17-нд хэлэлцэн шийдвэрлэжээ.
Улмаар К.Айдосыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Г.Мэндбаярыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан гэм буруутай гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, 26 сая, С.Ононгийн төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хязгаарлаж, 21 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Тэдэнд хахууль өгсөн Б.Давааг 16 сая, Л.Балдоржийг зургаан сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-4 жилийн хугацаагаар хассан юм. Уг ялыг Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээж, дээрх шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.