Намрын налгар өдрүүд үргэлжилж, цаг агаар тогтуун дулаан байгаа бол энэ долоо хоногийн сүүл буюу пүрэв, баасан гаргаас зарим нутгаар хур тунадас орж сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тодруулбал, ирэх сарын 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд хойд хэсгээр хур тунадас орох гэнэ. Пүрэв гарагт хангайн бүс нутгаар, баасанд Хэнтийн нуруу, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумын нутгаар нойтон цас, хур тунадас орж, улмаар даваа гараг хүртэл хангай, төвийн бүс нутгаар хүйтний эрч чангарах нь. Ирэх сарын 3-нд говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх аж. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэмийн хүйтэн хонох нь.
Цаг агаар огцом хүйтэрч, хур тунадас орох нь газар тариаланд хэрхэн нөлөөлөх талаар ХХААХҮ-ийн яамныхнаас тодруулахад “Одоогоор ургац хураалт 40-50 хувьтай байна. Аравдугаар сарын дунд үе гэхэд дуусна. Тариалангийн бүс болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт цаг агаар тогтуун байх төлөвтэй. Өнгөрсөн онд 13 мянган орчим га-д төмс тариалсан” гэв.
Ч.Туяа