Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, мөн 21 аймгийн Засаг дарга нар цахимаар оролцож, өвөлжилтийн бэлтгэл, хүндрэлийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөв. Цаг уурын байгууллагын мэдээлснээр маргааш ихэнх нутгаар нойтон цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар анхааруулаад бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг сануулсан юм. Тодруулбал, өнөөдөр баруун болон төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн хойд, 17-нд нутгийн хойд, 18-нд зүүн хэсгээр нойтон цас орж, шуурах төлөвтэй байна. Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу байсанучраас зүүн аймгаас нийлүүлж буй аж.
Улсын хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар 157.1 мянган тонн улаан буудай, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан авсан байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаагаас төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй аж.
Ерөнхий сайд түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа. Мөн хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор дараахүүрэг чиглэлийгөгсөн юм. Өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт тусгаж, үүсэж болох эрсдэлийг тооцон, аймаг, сумдын 2026 оны төсөвт хөрөнгийг нэмэх, шаардагдах нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оновчтой, үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, угаарын хийн хордлогоос сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэдээллийг тогтмол хүргэх, мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэр, төрийн бус байгууллагуудад бодлогын болон эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг даалгалаа.
Ч.Цэлмэг