“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд ХААИС-тай хамтран усалгаатай газар тариалан бүхий сумдын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн оператороор бэлтгэж эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн сумуудын ногоочид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг услалтын системийг ашиглах график гаргаж, зөв таримал тариалах, усны хэрэглээ болон урсгал зардлыг тооцох арга зүйд суралцуулах гэнэ. Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь ус ашиглалтын үр ашиг бага, хуучирсан, дэд бүтцийн хувьд тогтворгүй, засвар, үйлчилгээ хийлгүй олон жил орхигдсон байжээ. Тиймээс Азийн хөгжлийн банк, Япон сангийн санхүүжилтээр дээрх төслийг хэрэгжүүлж одоогоор долоон аймгийн 10 сумын услалтын системийг шинэчлэн, сайжруулсан байна. Ингэснээр 3030 га талбайд усжуулах боломж бүрдүүлжээ. Манай улсын нийт газар тариалангийн 400 000 га газраас ойролцоогоор 54 000 га нь усалгаатай байгаа бөгөөд Засгийн газраас 2030 он гэхэд эл талбайн хэмжээг 120 000 га-д хүргэхээр төлөвлөж буйг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдлаа.
С.ЦЭРЭН