Монголын жорлонгийн холбоо болон Усны газрынхан хамтран “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр өчигдөр мэдээлэл өглөө.
Тус холбооны ерөнхийлөгч, доктор Б.Басандорж “Манай улсад зөвхөн нүхэн жорлонгоос л гэхэд өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж, байгаль орчинд ил задгай хаягдаж байна. Үүнээс ус болон хөрсний бохирдол үндэсний хэмжээнд гамшгийн түвшинд хүрснийг харах боломжтой. Монголд нийт 780 мянга гаруй өрх нүхэн жорлон ашигладаг гэсэн албан бус тоо бий. Харин Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцээгүй. Мөн нийслэлийн хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 нь дунд зэрэг, 70.1 нь хүчтэй эвдэрч доройтсон. Түүнчлэн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их гэсэн судалгаа гарчээ. Тиймээс нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологи, инновац болон стандарт нэвтрүүлэх шаардлагатай” гэсэн юм.
Мөн манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж буйг энэ үеэр онцолсон юм. Стандартын бус модон жорлон нь хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэрийн нэг аж.
Э.СОНДОР