Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр МУБИС-д зохион байгууллаа. Хуралд Шинжлэх ухааны академийн гишүүд, академичид, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд, багш, эрдэмтэн, судлаачид тэргүүтэй салбарын нэр хүндтэй зочид оролцов. Тэд Монголын эзэнт гүрний түүх, Хубилай хаан судлалын цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр шинжлэх ухааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаарлагатайг онцлон тэмдэглэлээ.
Сэцэн Хубилай нь Монголын эзэнт гүрний зургаа дахь хаан (1260- 1294 онд) байсан бөгөөд тэрбээр Чингис хааны отгон хүү Тулуй, түүний гэргий Сорхагтани бэхи нарын хүү билээ. Түүний мэндэлсний 810 жилийн тэгш ойгоор цөөнгүй арга хэмжээ зохион байгуулан, Их Монгол Улсыг бататган бэхжүүлж, Монголын нутаг дэвсгэрийг урьд өмнө нь байгаагүйгээр өргөтгөн тэлсэн үйл хэрэг, улмаар 1271 онд Их Юань гүрнийг байгуулсан гавьяаг нь эдгээр өдрүүдэд хүүхэд, залуус, хойч үеийнхэнд эргэн сануулж, бахархал омогшлыг нь төрүүлж буй.
М.Гэгээ