НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүмүүнлэгийн багийн уулзалтыг зохион байгууллаа. Үүгээр өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудад ажиллах, малчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэнийг ХХААХҮЯнаас мэдээлэв. 2025-2026 онд манай улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхөд 60.9 сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 117.9 сая мал өвөлжиж, хаваржих бэлтгэл хангажээ. Түүнчлэн аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээл бэлтгэхээр төлөвлөснөөс бүдүүн тэжээлийн нөөцийн 77, хүчит тэжээлийн 35 хувийг бүрдүүлжээ.
Энэ жилийн аюулгүйн нөөцийн хэмжээ бага байгаа ч өнгөрсөн оныхтой харьцуулахад өвс 17.2, тэжээл 18.3 мянган тонноор илүү бэлтгэсэн байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай давахын тулд ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг нөхөн бүрдүүлж, малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэх, отроор өвөлжиж, хаваржих мал, малчин өрхийн гишүүдэд шаардлагатай эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг тодорхойлж хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэлээ.
С.Цэрэн